Орон даяар томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян эхлүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Томуугийн вакцинтай холбоотой эцэг, эхчүүдийн мэдэхийг хүссэн зарим асуултад Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгээс хариулт авлаа.
-Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс Үндэсний дархлаажуулалтын аян эхэлсэн. Энэ аянд нийт хэд орчим хүүхэд, багачууд хамрагдав. Ямар журмаар дархлаажуулалт хийгдэж байгаа талаар та нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?
-Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улирлын томуугийн вакцин хийх тушаал гаргасны дагуу нийслэлд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулалт хийх санамж бичиг байгуулсан билээ. Үүнд бүх дүүргүүдээс сонгогдсон 161 цэцэрлэгийн 65 мянга орчим хүүхэд хамрагдаж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд томуугийн эсрэг вакциныг хүүхдийн байгууллага буюу цэцэрлэг рүү чиглүүлэн ажиллаж байгаа. Учир нь цэцэрлэгт хүүхдүүдийн бөөгнөрөл үүсэх, тэнд халдвар тарах эрсдэл өндөр байдаг. Энэ жилийн хувьд өмнө нь сонгогдож байгаагүй болон удаан хугацааны өмнө сонгогдсон цэцэрлэгүүдийг сонгон вакцинжуулалт хийлээ. Цэцэрлэгийн вакциныг хоёр янзаар хийж байна. Зургаан сараас гурван нас хүртэлх хүүхдүүдэд 0.25 тунгаар, гурван наснаас дээш насанд хүрэгчид хүртэл 0.5 тунгаар хийж байгаа. Гурав хүртэлх насныхан сарын дараа үлдсэн 0.25 тунгийн вакцинд дахин нэг удаа хамрагдана. Бага насны хүүхдүүдийн хувьд өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд нийт 47 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдсан гэсэн мэдээлэл байна.
-Цэцэрлэгээс гадна өөр хаана вакцинд хамрагдах боломжтой вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан жирэмсэн ээж болон 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүст тодорхой тоогоор вакцин хуваарилсан байгаа. 6000 гаруй вакциныг нийт өрхийн эмнэлэгт хуваахад хүн амаас нь шалтгаалаад 20-30 хүнд хийх вакцин ногдож байгаа. Өрхийн эмнэлгээр дамжиж 4700 орчим вакцин хийгдсэн байна. Мөн сайн дурын дархлаажуулалт өрнөж байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төв болон тодорхой таван дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын аян үргэлжилж байгаа. Иргэд сайн дураараа вакцин хийлгэхэд 15.000 мянган төгрөг төлнө. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадна Хан-Уул, Баянгол, Багануур, Налайх, Бага-Хангай дүүргийн Эрүүл мэндийн төвд хандан, вакцинд хамрагдах боломжтой. Нийслэлийн хэмжээнд нийт 80 гаруй мянган вакцин хуваарилсан байгаа.
-Томуугийн вакцинд заавал хамрагдах ёстой юу. Гол үр дүн нь хэр чухал вэ гэдгийг эцэг, эхчүүд хангалттай ойлгож байгаа гэж та үзэж байна уу?
-Ханиад олон төрлийн вирусээр үүсгэгддэг. Үүнээс хамгийн их нь томуу, томуу төст өвчин. Томуу, томуу төст өвчний гурван хэв шинжид үйлчлэх вакциныг манай улс БНСУ-аас нийлүүлсэн. Энэ вакцины сайн тал нь дархлаажуулалтын дараа урвал илрэх нь харьцангуй бага. Өнөөдрийн байдлаар ирсэн мэдээнээс харахад, дархлаажуулалтын дараа урвал илэрсэн тохиолдол арав хүрэхгүй тоотой байна. Өнгөрсөн жил энэ вакциныг жирэмсэн ээжүүдэд хийж байсан. Жирэмсэн ээжүүдэд зөвшөөрлийн хуудсын дагуу хийж, дараа нь илрэх сөрөг шинж тэмдэг байгаа эсэх тандалт хийхэд ямар ч гаж нөлөө илрээгүй.
Эцэг, эхчүүдэд сануулж хэлэхэд, вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтож эхэлнэ. Дархлаа тогтох үе ихэвчлэн 14-28 хоног байдаг. Вакцин хийлгэснээс хойш дархлаа тогтоогүй хугацаанд хүн ханиад хүрэх боломжтой. Томуугаар үүсгэгдсэн ханиаданд үр дүнтэй гурван шинжит вакцин нь түүнээс бусад вирусээр үүсгэгдсэн ханиад хүрэхэд нөлөөлөхгүй. Жишээлбэл, сүүлийн үед гэдэсний ханиад гадуур их байна. Энэ тохиолдолд аяны хүрээнд хийж буй вакциныг хийлгэсэн ч уг вакцин маань сая хэлсэн ханиадны вируст үйлчлэхгүй гэсэн үг. Томуугийн вакцин хийлгэсэн хүүхэд бусад вирусээр үүсгэгдсэн ханиадаар өвчлөх ч, хүндрэх магадлал бага. Хүйтний улирал эхэлсэн даруй томуу, томуу төст өвчин дэгдэж эхэлдгийг бид бүгдээрээ мэднэ. Эрүүл мэндийн нийт төвүүдийн үзлэгийн дүнгээс харахад, томуу, томуу төст өвчин багагүй хувийг эзэлж байна. Харин вакцин хийлгэсэн хүүхдүүдийн дунд хүндрэл бага гарч байгаа. Томуугийн вакцин хийлгэсэн хүүхдэд нэг жилийн турш дархлаа тогтсон байдаг. Тэгэхээр вакцин хийлгэсэн бол дараа жил хүртэл томуугийн вирусээр үүсгэгдсэн ханиаднаас хамгаалагдах боломжтой гэж ойлгож болно.
-Сайн дураар хэрхэн вакцинд хамрагдах талаар та нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?
-Сайн дураар хамрагдах хүсэлтэй хүмүүст зориулж Халдварт өвчин судлалын үндэсний төвд 9700 орчимыг хуваарилсан. Үүнээсээ тодорхой хэсгийг нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ачааллыг багасгах үүднээс таван дүүргийн эрүүл мэндийн төвд тарааж өгсөн. Мөн хувийн эмнэлгүүд өөрсдийн санхүүжилтээр дархлаажуулалт хийж байгаа. Тодруулбал "Интермед", "Сонгдо" зэрэг эмнэлэгүүд 45-65 мянган төгрөгөөр есдүгээр сараас эхлэн дархлаажуулалт хийж эхэлсэн байдаг. Хүмүүсийн дунд буруу ойлголт байгаад байдаг. Цэцэрлэгт хуваарилагдсан вакцинаас илүү гарсныг нь төлбөртэй хийж байна гэх мэтээр ярьдаг. Нийслэлд хуваарилагдсан 80 гаруй мянган вакцин бүгд үнэ төлбөргүй хийгдэж байгаа шүү. Зөвхөн дээр дурдсан таван дүүрэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд сайн дурын дархлаажуулалт хийлгэхээр хандаж байгаа бол 15.000 төгрөгөөр хамрагдана гэсэн үг.
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхдээ хэр идэвхтэй хандаж байна?
-Эцэг, эхчүүд татгалзах нь их байна. Мөн цэцэрлэгүүд цаанаас өгсөн тоондоо хүрэхгүй юм уу, тийм тохиолдол олон байна. Тиймээс бид дархлаажуулалтад хамрагдах хүсэлт өгсөн цэцэрлэгүүдэд илүү гарсан вакцинаа хийж байна. Жишээлбэл, Хан-Уул дүүрэгт есөн цэцэрлэг вакцин хийлгэх хүсэлт өгсөн байдаг. Нэг цэцэрлэгээс дунджаар 1300-1500 ширхэг вакцин илүү гарч байна.
-Зарим цэцэрлэгт төлбөртэй вакцин хийж байна гэж байсан. Энэ талаар тодруулан тайлбар өгөхгүй юу?
- Улсын цэцэрлэг ямар ч тохиолдолд төлбөртэй хийгээгүй. Тэр магадгүй хувийн цэцэрлэг байх. Вакцинд хамруулахаар жагсаасан 161 цэцэрлэгийн тоонд хувийн нэг ч цэцэрлэг багтаагүй. Гадаадын хөрөнгө оруулалттай сургууль болон албан байгууллагууд Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр төлбөрөө төлөн, нэгдсэн байдлаар хамрагдаж байгаа тохиолдол бол бий.
-Хүүхдээ вакцинд хамруулах гэж байгаа эцэг, эхчүүд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Вакцин хийлгэхдээ юуг анхаарах вэ гэвэл мэдээж хүүхэд тухайн өдөр эрүүл байх ёстой, халуунгүй байх ёстой. Эцэг, эхчүүд зөвшөөрлийн хуудас бөглөсөн байх шаардлагатай.
Б.АМИРДАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Дэндүү оройтож тендер зарласан болж нэг нь шалгарсан царай үзүүлж хамаг ханиад 8 сарын дундаас тархаж өчнөөн хүүхэд эм тариа болсон хэзээ хойно вакцин ирэх юм даа
oron nutgiin xvvxdvvd tegedyax yum xurdan arga xemjee avaxgvi bol xaniad nemegdceerl bna yaraltai baktsinaa oron nutgiin xvvxdvvdiig xamaruulachee ene talar yagaad asuudagvi cetgvvlch be
huduunii tsetserlegt huvaarilsan yumuu