Ухаалаг утас, таблет хүүхдийн тархинд сөрөг нөлөөтэйг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар ухаалаг утас, таблетын дэлгэцээс ялгарч буй туяа бага насны хүүхдийн тархинд сөргөөр нөлөөлж, физикийн шинж чанарыг нь өөрчилдөг болохыг тогтоожээ. Судалгаанд 10 хүртэлх насны 11 мянган хүүхэд хамрагдсан байна. Судалгааны явцад хүүхдүүдийн сэтгэн бодох, анхаарал төвлөрөх чадвар буурч хамгийн гол нь аливаа асуудалд сэтгэлийн хэт их хөдөлгөөнтэй ханддаг болж өөрчлөгджээ. Түүнчлэн дэлгэцийг долоогоос дээш цаг ширтэхэд тархины гадарга илүү нягтарч, мэдээлэл боловсруулах чадвар буурдаг байна.

“Хүүхдүүдэд дэлгэц ширтэх тодорхой цагийн хуваарь хэрэгтэй. Гэвч хүн төрөлхтөн үүнийг хянаж чадахгүй. Бид ч чухам яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Цаашид бид судалгаагаа илүү нарийвчилна” гэж АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн Судалгаа хариуцсан захирал Гаиа Даулинг ярьжээ.

АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн дэргэд 300 сая ам.долларын сан байдаг бөгөөд аливаа судалгааг үүгээр санхүүжүүлдэг ажээ. АНУ-ын Тархи судлалын холбооноос бага насны хүүхдэд хоёроос дээш цаг дэлгэц ширтэхэд тархинд ямар өөрчлөлт гарч байгааг судалж буй бөгөөд 2019 оны эхээр судалгаа бүрэн дуусч, нэгдсэн тайлан гаргах аж.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top