Өнгөрсөн арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээврийн замд нүүрсний тээврийн хүнд даацын автомашины урт дараалал үүсч жолооч нарын эрүүл мэнд аюулгүй байдалд ноцтой хүндрэл учраад байсан юм. Үүнд анхаарлаа хандуулж, жолооч нарынхаа цалинг нэмэгдүүлэхэд анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээврийн 161 аж ахуйн нэгж, компанийн эздээс хүсч, ЭМ, ЗТХ-ийн сайд нарт нийт жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, орчны аюулгүй байдлыг хангахыг үүрэг болгож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Засгийн газрын хуралдаанд таницуулахыг даалгасан юм. Энэ дагуу Эрүүл мэндийн яамнаас томилогдсон эмч ажилтнуудын баг Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд ажиллаж тээвэрлэлт хийж буй нийт 13.000 жолооч, суурин амьдардаг 2000 орчим иргэн, цагдаагийн албан хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагчид бусад төрийн албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна.
УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран долоо хоног ажиллахдаа хүн бүрт 20 чиглэлээр үзлэг явуулж, 10 гаруй төрлийн шинжилгээ хийх юм байна. Энэхүү үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байна.
Цаашид тээврийн жолооч нар болон суурин хүн ам, дамжин өнгөрөгсөд, төрийн албан хаагчдад үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний цогцолбор төвийг байгуулах ажлыг Зам тээвэр хөгжлийн яамнаас хийж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төвийг байгуулахаар урьдчилан төлөвлөөд байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )