”Амгалан” амаржих газрын 2018 онд нэвтрүүлсэн оношилгооны аргууд

2018 оны 12 сарын 18

Нийслэлийн "Амгалан" амаржих газраас энэ сарын 13-нд “Нэгдсэн лабораторийн 2018 онд нэвтрүүлсэн оношилгооны аргууд” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтэнд тус амаржих газрын дарга Ц.Батболд, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, оношзүйн лабораторийн мэргэжилтэн О.Аззаяа нар оролцож, нийт тасаг нэгжүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамт лабораторийн үйл ажиллагаатай танилцсан юм.


"Амгалан" амаржих газрын нэгдсэн лаборатори нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж Франц улсын “VIDAS PS иммунологийн бүрэн автомат анализатор,  бактерлоги шинжилгээний “Biobase-ийн 12 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Энэ хүрээнд нэгдсэн лабораторид TORCH халдвар, нөхөн үржихүйн гормон, хавдрын маркерууд, нянгийн халдвар, эмнэлзүй болон орчны бактерлогийн шинжилгээ, эмэгтэйчүүдийн эсийн шинжилгээ хийж эх нярай, эмэгтэйчүүдэд лабораторийн тусламж, үйлчилгээг чанар хүртээмжтэйгээр үзүүлж байна.

 

Лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээг ЭМЯ, Япон улсын “Сисмекс” корпораци, Улсын гуравдугаар төв эмнэлгийн лавлагаа лабораториос хамтран 2008  оноос хойш жилд 2 удаа улсын болон хувийн хэвшлийн 180 гаруй лабораторийг хамруулан зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн "Амгалан" амаржих газрын нэгдсэн лаборатори нь 2018 онд чанарын гадаад үнэлгээнд арван жилийн турш амжилттай сайн оролцсон “Шилдэг 10 лаборатори”-ийн нэг болж, чанарын баталгааг ханган ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top