Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Эмгэг судлалын үндэсний төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд өнөөдөр /2019.01.10/ Эмгэг судлалын үндэсний төвд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмж гардууллаа.
Энэ үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инай болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Оюунгэрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар оролцов.
Монгол Улсад тулгамдаж буй асуудал болох хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй агаар, хөрсний бохирдол, орчны аюулгүй байдалтай холбоотойгоор уушгины өвчлөл болон хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа нь сүүлийн үеийн судалгаа, шинжилгээгээр харагдах болсон. Тиймээс төслийн хүрээнд нэвтрүүлж буй дэвшилтэт технологийн нэг болох “NanoZoomer-SQ” сканер микроскопын тусламжтайгаар Монгол Улсын хүн амын дунд тархаж буй уушгины хорт хавдрыг үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )