Цахим орчинд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт /УНТЭ/ “А” хүрээний H1N1 томуугийн вирусээр өвчилсөн бага насны хүүхдүүд нас барсан гэсэн мэдээлэл цацагдаж, олныг цочирдуулжээ. Энэ талаар УНТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцгээ өнөөдөр /2019.01.16/ мэдээлэл хийж, дараах хариултыг өглөө.
-УНТЭ-т өдөрт 8-9 хүн нас барж байна гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдсан нь олныг цочирдуулсан зүйл боллоо. Энэ талаар бидэнд тодорхой мэдээлэл, хариулт өгөхгүй юу?
-УНТЭ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Энэ улиралд амьсгалын замын өвчлөл буюу томуу, томуу төст өвчин ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор ачаалал ихтэй байгаа. Бид цаашдын эрсдлээ бодон ачаалал ихтэй газраа менежмент хийн, зохицуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар бямба, ням гарагт яаралтай тусламжаар 90-100 хүн ирж үйлчлүүлж байгаа. Өчигдөр болон өнөөдрийн байдлаар 63-75 хүн үйлчлүүлсэн. Эдгээр хүмүүсийн 20 хувь нь амьсгалын замын өвчлөл буюу уушгины хатгалгаа болсон байна. Хуучин архаг өвчтэй, чихэр, сахарын өвчтэй зэрэг дархлаа нь дарангуйлагдчихсан хүмүүс амьсгалын замын өвчлөлөөр өвдөх нь илүү байна. Түүнээс биш сошиал орчинд яригдаж байгаа шиг H1N1-ийн халдвараар хүн нас барсан тохиолдол гараагүй. Ингэж худал мэдээлэл тарааж, иргэдийг түгшээж болохгүй.
-Мөн төлөвлөгөөт хагалгаанаас бусад хагалгааг зогсоосон гэсэн мэдээлэл цацагдсан байсан?
-Томуу, томуу төст өвчин нь амьсгалын замаар халдварлагддаг учраас ерөнхийдөө эмнэлэг доторх хөл хөдөлгөөнийг хорьж байгаа. Бид өдөрт нэгдүгээр эмнэлэгт хийгддэг 40 гаруй төлөвлөгөөт хагалгааг 30 болгон багасгасан. Нэг хүн хагалгаанд ороход ард нь бараг 10 хүн эмнэлгийг зорьж ирдэг. Тиймээс хөл хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авсан болохоос биш хагалгааг зогсоосон асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар гэхэд 23 төлөвлөгөөт хагалгаа хийгдэнэ. Амьсгалын замын өвчлөл ихтэй эдгээр өдрүүдэд захирлын тушаалаар аль болох зөв зохион байгуулалтад орж ажиллахыг тасаг бүр хэрэгжүүлж байна. Жишээлбэл, уламжлалтын тасагт ор нэмэлтээр гаргаж эхэлсэн гэхчлэн чухал шаардлагатай арга хэмжээг дор бүртээ авч байгаа.
-Бага насны хүүхдүүд нэгдүгээр эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар хэр олон үйлчлүүлж байна вэ?
-УНТЭ нь иргэний үнэмлэх авсан буюу 16-гаас дээш насны хүнд үйлчилдэг. Тиймээс бага насны хүүхдүүд ихэвчлэн дүүрэг болон ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлдэг. Манайд ханиад нь хүндэрч, хатгалгаа болсон, дархлаа суларсан, суурь өвчтэй хавсарсан эмгэгтэй хүмүүс ихэвчлэн ирж байна. Олон нийтэд зөвлөж хэлэхэд, томуугийн төрлийн өвчин жил бүрийн энэ улиралд нэмэгддэг учраас ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүр дор бүрнээ маск зүүх, халуун аарц уух, витамин С уух зэргээр дархлаагаа сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )