П.Алтангэрэл: Умайн хүзүү шархалсан бол заавал эсийн шинжилгээ өгөх ёстой

2019 оны 01 сарын 21

Эмэгтэйчүүдийн эмчээр олон жил ажиллаж, бүсгүйчүүдийн дунд "Алтан гарт" гэж нэрлэгдэх болсон Клиникийн Профессор П.Алтангэрэл өөрийн цахим хуудсаараа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын талаарх асуудлыг хөндсөн байна. Тэрбээр "МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХАНДАХ СЭТГЭЛИЙН ҮГ" хэмээн тодотгож, энэ талаар дараах заавал анхаарах ёстой, чухал асуудлыг бичжээ.

 



 

Саяхан ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нюунт У “ Монгол улс 10 жилийн дараа эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдраараа дэлхийд тэргүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Үүнийг сонсоод эмэгтэйчүүдийн эмч хүний хувьд болон хувь хүнийхээ зүгээс нилээд сэтгэл эмзэглэсэнийг нуух юун.

 

Энэ үнэхээр ийм байдалд хүрэх үү ? Тийм болох боломжтой гэж хэлмээр байна.

 

Хамгийн аймаар нь нөхцөл байдал үүндээ тулж ирснийг хөдөө орон нутагт хэд хэдэн удаа сайн дурын үзлэгээр явж байхдаа ийм дүгнэлтэд хүрч болохыг өөрийн нүдээр харсан юм. Хөдөө орон нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн бараг 90% нь умайн хүзүүний шархлаа болон бусад эмгэгүүдтэй байгаа нь оношлогдсон. Хотын иргэдийн хувьд харьцангуй дээр байдаг.


Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд л гэхэд 80 жилийн түүхэнд нь анх удаа Эх барих-эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч ирж үзлэг хийсэн нь би байсан нь үнэхээр хачирхалтай байсан юм. Заримдаа үнэхээр халагламаар асуудалтай ч эмэгтэйчүүд байх нь өрөвдөлтэй. Сумын эмнэлэгт эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч байхгүй байгаа нь тэр сумын захиргааны буруу биш, эмнэлгийн буруу ч биш. Сумын эмнэлэгт эмч тогтохгүй. Анагаахын Их сургууль төгссөн эмч заавал 2 жил өрх, сумын эмнэлэгт ажиллаж байж нарийн мэргэжлээр суралцах эрхээ авдаг дүрэмтэй.


Ер нь тэгээд өрхийн болон сумын эмнэлэг нь дадлагажигч эмч нарийн туршлага хийдэг л газар болоод байгаа нь нууц биш. Сум болон өрхийн эмнэлэгт шинэхэн эмч нар 1 юмуу 2 жил ажлаад л алга болно.

 

Эргээд умайн хүзүүний эмгэгрүүгээ орьё. Баахан эмэгтэйчүүдийг умайн хүзүүний шархтай, эмгэг өөрчлөлттэй гэж онош тавиад, өвчтнүүдэд зөвлөгөө өгөөд,хариуцсан эмч нарт нь эмчилгээний арга техник заагаад ийм тийм шинжилгээ хийлгээрэй гээд захиж захиж яваад дараа нь ирээд үзэхэд нөгөөдүүл маань бахь л байдгаараа улам л дордсон, нөгөөх эмч нар нь ч аль хэдий нь солигдчихсон байж байна. Энэ нь манай эрүүл мэндийн тогтолцооны гажуудлаас гадна хувь хүн болон эмч нарын хариуцлагын асуудал байгааг хэлэхгүй байхын арга алга. Хоёрт эмнэл зүй талаас нь олон зүйлийг хэлэх шаардлагатай.

 


Умайг хүзүүний хавдрыг үүсгэгчийн хамгийн том нөлөөлөх хүчин нь үрэвсэл юм. Үрэвсэл үүсгээд умайн хүзүүг гэмтээгээд байгаа олон үүсгэгч байгаа нь шинжлэх ухаанаар тогтоогоод байгаа бөгөөд нэг номерт “HPV” буюу “Хүний хөхөнцөр вирус”ын хэдэн тодорхой төрлийн халдварууд юм. Энэ нь бэлгийн замын халдварт тооцогддог бөгөөд умайн хүзүүг гэмтээснээр цаашлаад хавдар үүсгэх эрсдэл үүсгэдэг гэж дүгнэсэн.
Мөн Хламид, Уреоплазм, Микоплазмын халдварууд умайн хүзүүг гэмтээдэг нь тогтоогдсон байна.

 

Миний 20 гаруй жилийн туршлагаас үзэхэд Монгол эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа БЗДХ- уудын 80% орчим уреоплазм, микоплазм, гарднерелла халдвар хавсран зонхилж байгаа нь харагдсан. Орчин үеийн судалгаагаар уреоплазм, микоплазмын халдвар дээр хүний хөхөнцөр вирусын халдвар хавсарвал умайн хүзүүний хорт хавдар үүсэх магадлал илүү ихээр нэмэгддэг болохыг тогтоожээ.

 


Үүнээс үзэхэд дээрх халдваруудаар ихэнх эмэгтэйчүүд өвдсөн байгаа нь эрсдэл их байгааг харуулж байгаа байх. “Үрэвсэлтэй байна, халдвартай байна та эмчлүүлэх хэрэгтэй” гэхэд ихэнх эмэгтэйчүүд үл ойшоох нь элбэг байдаг. Энэ нь Монгол хүний сэтгэхүйн онцлоготой холбоотой байдаг юм уу бүү мэд. Тэгсэн хирнээ дам яриа, хов живийн чанартай, дэл сул яриагаар буруу дутуу эмчлэнэ. Мэргэжлийн эмчийн үгэнд итгэхгүй. Нэг удаа хоолны газар ороод хоол идчих мөнгөө өөрийн эрүүл мэнддээ зарцуулахаас харамлана. Эмчийн хяналтанд эмчлүүл гэхээр үгүй би гэрээрээ эмчлүүлмээр байна гэнэ. Би хэд хэдэн орноор мэргэжил дээшлүүлж байхад “Би гэрээрээ тариа хийлгээд өөрсдийгөө эмчлэнэ” гэж мэдэмхийрч байгаа хүмүүстэй таарч байгаагүй. Тийм ч зүйл угаасаа байдаг ч үгүй юм билээ.

 


Бас Монгол эрчүүдийн бардам зан үүнд нилээн ихээр нөлөөлж байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй. Эхнэрт нь бэлгийн замын халдвар илэрчээд гэр бүлийнхээ хүнтэй хамт эмчлүүлээрэй гэхэд “Манай нөхөр эм уух дургүй, уурлаад байдаг” гэнэ. Тэгээд хөөрхий эхнэр ганцаараа хичнээн эм, эмчилгээ хийлгээд яаж эдгэх билээ. Халдвар дахисаар улам архагшиж эхнэрийн умайн хүзүүнд эргэшгүй өөрчлөлт ордог.

 


Зарим эмэгтэйчүүд тохиолдлын хавьталд гайхмаар сонин хандлагатай байх нь БЗДХ тархах нөхцөл бий болгодог. Ж: “Би бэлгэвчтэй секс хийх дургүй” гэнэ. Яагаад гэхлээр: мэдрэмж авахгүй ш дээ, эрэгтэй хүнээс авах ёстой витаминыг нь авахгүй ш дээ гэдэг.

 

Эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсноор витамин авна гэдэг нь ташаа ойлголт. Харин эмэгтэй хүний дааврын тогтолцоонд сэдээлт, сэргэлт зэрэг олон сайн талтай. Ер нь эрсдлээс сэргийлж бэлгэвчтэй хавьталд орж байх нь БЗДХ дамжих, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх гээд олон давуу талтайг хэн хүнгүй мэдэж байх л учиртайсан.

 

БЗДХ-ууд болон умайн хүзүүний эмгэгүүдийг эмчлэх орчин үеийн олон шилдэг аргууд бий болсон бөгөөд тохирсон эмчилгээний аргуудыг зөв сонгох хэрэгтэй.

 

Умайн хүзүүний эсийн шинжилгээг “PAP smear” 30-40 насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа, 40 өөс насны эмэгтэйчүүд 1 жилд 1 удаа өгч байвал хавдрын өвчлөлийг эрт үед нь оношлож хүндрэхээс урьдчилан сэргийлж төгс эмчлэх боломжтой байдаг. Гэхдээ 30 аас доош насны эмэгтэйчүүдийн умайн хүзүү шархалсан, эмгэг өөрчлөлттэй байвал заавал эсийн шинжилгээ өгөх ёстой.

 

Эцэст нь дүгнэж хэлэхэд, эмэгтэйчүүд маань жилд ядаж л нэг удаа мэргэжлийн эмчид хандаж үзүүлж харуулж оношлуулж байх, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй эмчийн хяналтад хийлгэж занших нь юу юунаас илүү чухал юм шүү.

 

Ер нь хувь хүний ухамсарын түвшин, бэлгийн ариун цэвэр “ бэлгийн хамрагчын ариун цэвэр хамгаас хамаатай” , эмч , эмнэлгийн ажилчдын хариуцлага, төр засгын зохион байгуулалт гээд олон л хүчин зүйлсээс хамааралтай байна даа.
Гэхдээ энэ олон зүйлээс хамаарна гээд биеээ гаргуунд нь хаяна гэсэн үг биш шүү дээ. Нэгэнт л умайн хүзүүний шархлаа, улайлттай гэж оношлогдсон, дээрх халдварууд илэрсэн бол гэр бүлийнхээ болон бэлгийн хамтрагчдаа шаардлага тавьж, мэргэжлийн эмчид хандан төгс эмчлүүлэх нь таны амьдралын чанарт юу юунаас илүү чухал юм шүү.

 

Су Нюунт У докторын таамаг биелэх эсэх нь та биднээс л шалтгаалах нь байна шүү эмэгтэйчүүд ээ!


Клиникийн Профессор П.Алтангэрэл /2019.01.21/


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхтуяа(45.117.35.205) 2019 оны 01 сарын 22

Сайхан зөвлөлгөө өгсөн эмч танд маш их баярлалаа.манай эмэгтэйчүүд бүсгүйчүүд сайн уншиж урьдчилан сэргийлэх үзлэгтээ цаг хугацаандаа орж байгаарай.

0  |  0
Зочин(66.181.161.32) 2022 оны 12 сарын 09

Эрчүүд нөгөөхөө сайн угаагаал сурчвал эмэгтэйчүүд доодхоо цэвэр байлгаад л эр эмгүй ганц эхнэр нөхөртөө үнэнч бхад л бузрын өвчнөөс хол бна доо

1  |  1
Зочин(202.9.44.236) 2019 оны 01 сарын 22

Энэ эмчид үзүүлвэл хаана очиж уулзах вэ хаяг утас нь байна уу

0  |  0
эмч(66.181.161.40) 2019 оны 01 сарын 22

Aлтангэрэл эмчийн ачаар 2 догч үргүйдлээ эмчлүүлж 11 жилийн дараа хөөрхөн хүүтэй болсон. Тэгсэн жилийн дараа дахиад охинтой болсон доо. Эмчдээ их баярлаж явдаг

4  |  0
Ээж(202.21.124.129) 2019 оны 11 сарын 09

Энэ эмчийн ачаар хэнз хүү минь аав, ээжийгээ аз жаргалаар бялхуулж, гэр гийгүүлээд бж бна, 40 гарсан хойноо оройтлоо гэж бодож орсон намайг сэнхрүүлээд гаргасан Алтангэрэл эмчдээ баярлалаа, сайн сайхан бүхнийг хүсье

6  |  0
Zochin(202.126.89.247) 2023 оны 11 сарын 27

Bayarllaa,gehdee uridchilan sergiileh zorilgoor uzlegt orj shinjilgee ugchuud emchteigee uulzaad zuvulguu avah getel yasiin jiremsen yum uu gesen gaihaad zugeer uzuulsen getel joohon uruvsul bn gd laa uguud yavuulchdiin bn lee, unheer hainga , yum oytson suuj ch bh shig, chingeltei duurgiin, ambultoriin emegteichuudiin emch 207 tootod suudag

0  |  4
Top