Эмийн үнийн хөнгөлөлтөд 33,9 тэрбум төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд  даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33,9 тэрбум төгрөгийг төсөвлөж улсын хэмжээнд 1017 эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эмийг олгож байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд  хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж энэ оны  1 сарын 15-наас  эхлэн мөрдөж байна.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн их худалдан авч буй эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр өмнөх жагсаалтанд өөрчлөлт орууллаа.

Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56,7%-ийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан  60 гаруй  нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.

Шинэчилсэн жагсаалтаар  эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцлөөр олгогддог  17 нэрийн эмийг нэмж,  цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хаслаа.  

Мөн  170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж  насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмэнд 20-80% хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд дунджаар 50%-80% үнийн  хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж даатгуулагчдын  хамгийн их авдаг 50 гаруй эмийн үнийг 400-6500 төгрөг хүртэл буурууллаа.

Ингэснээр  иргэдийн өөрөөсөө төлөх төлбөрийн хэмжээ багасан даатгуулагчид учирч болзошгүй  санхүүгийн  эрсдлийг бууруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх, эмийн зохистой хэрэглээг дэмжих,  эмийн тусламж үйлчилгээнээс орхигдож болзошгүй зорилтот бүлгийн хүн амыг эмээр хангах, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг  нөхцөл бүрдэх юм.

           

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top