300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өрнөж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил өнөөдөр 80 хувьтай явагдаж байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр/2019.02.19/ эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.

Одоогоор энэ эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дуусчээ. Гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ.

Гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК нь дотор заслын бараа, материалыг татан төвлөрүүлсэн бөгөөд 3 дугаар сарын 01-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдсоноор барилга, угсралт, дотоод заслын ажлуудыг хийж дуусгах аж. Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж  барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм.  Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн.  2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг үргэлжлүүлж 34 хувьтай орхисон барилгыг  “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэжээ.  Эрүүл мэндийн яамнаас уг төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзалт зохион байгуулан, газар дээр ажиллаж байгаа билээ. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top