Калифорнийн оршин суугч эмэгтэй “Johnson & Johnson” компанийн хүүхдийн талькнаас болж хорт хавдар тусчээ. Талькны орцонд нь шөрмөсөн чулуу орсон байсан аж. Уулын хөвөн ч гэдэг энэ чулуу нь хорт хавдраар өвчлөхөд хүргэжээ.
Мужийн шүүх өчигдөр Тереза Левитт гэх уг эмэгтэйтэй холбоотой хэргийг шүүж, талькинд хорт хавдар үүсгэгч бодис байгааг илрүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг ч буруутгасан байна. Компанид 29 сая долларын торгууль ногдуулжээ.
Дээрх дуулиантай холбоотойгоор “Johnson & Johnson”-ы хувьцаа унаж байгаа аж. Тальктай холбоотой асуудлыг шүүх үйл явцаас шалтгаалан компанийн хувьцаа сүүлийн зургаан сарын турш буурчээ. Энэ нь “Johnson & Johnson” компанитай холбоотой долоо дахь том дуулиан аж. Өнгөрсөн жил л гэхэд Миссури мужийн шүүх “Johnson & Johnson”-оос 4.69 тэрбум долларыг 22 эмэгтэйд олгохыг шаардсан байна. Уг эмэгтэйчүүд “Johnson & Johnson”-ы хүүхдийн тальк хорт хавдар үүсгэдэг гэж буруутгасан байжээ.
Тэгвэл “Johnson & Johnson”-ы хэвлэлийн төлөөлөгч Ким Монтагнино “Хүүхдийн тальк нь шөрмөсөн чулуу агуулаагүй. Хорт хавдар үүсгэхгүй” гэж мэдэгджээ. Иймээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа бөгөөд давж заалдах өргөдөл гаргах гэнэ. Тэрбээр хүмүүст хандан “Johnson & Johnson” компанийн зарим тальктай холбоотой маргааныг арилгахыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )