“Johnson & Johnson”-ы цацлагыг Монголд худалдсаар байх уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Ээжүүдийн мөнхийн хэрэглээ байсаар ирсэн “Johnson & Johnson” компанийн үйлдвэрлэдэг хүүхдийн цацлага /тальк/-аас болж хорт хавдраар өвчилсөн гэх мэдээ олон улсын анхаарлын төвд байна. Калифорнийн оршин суугч эмэгтэй “Johnson & Johnson” компанийн хүүхдийн цацлага хэрэглэснээр хүүхэд нь хавдартай болсон гэж шүүхэд хандсан бөгөөд цацлаганы орцонд шөрмөсөн чулуу орсон байсныг холбогдох байгууллагууд тогтоосон хэмээн мэдээлж буй.

Калифорни мужийн шүүх 2019.03.13-нд Тереза Левитт гэх эмэгтэйн гомдлоос үүдсэн хэргийг шүүж, цацлагад хорт хавдар үүсгэгч бодис байгааг илрүүлээгүй эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг ч буруутгасан байна. Улмаар компанид 29 сая ам.долларын торгууль ногдуулжээ.  Дээрх дуулиантай холбоотойгоор “Johnson & Johnson”-ы хувьцааны ханш энэ асуудлыг шүүх үйл явцаас шалтгаалан сүүлийн зургаан сарын турш буурчээ. Энэ нь “Johnson & Johnson” компанитай холбоотой долоо дахь том дуулиан аж. Өнгөрсөн жил гэхэд Миссури мужийн шүүх “Johnson & Johnson”-оос 4.69 тэрбум ам.долларыг компанийн бүтээгдэхүүнээс болж хохирол амссан 22 эмэгтэйд олгохыг шаардаж байжээ.

"Johnson & Johnson”-ы бүтээгдэхүүнийг Монгол Улсад өргөн хэрэглэдэг бөгөөд эдгээр нэрийн бүтээгдэхүүнийг хэвийн хэмжээнд импортоор оруулж ирэн, худалдаалж байна. Олон улсад гарч буй энэхүү гомдол, мэдээлэлтэй холбоотойгоор Монголд тус брэндийн бүтээгдэхүүнийг импортолж байгаа эсэх, цаашид юун дээр анхаарах ёстой талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. “Johnson & Johnson”-ы бүтээгдэхүүнийг Монголд “Монголиан Стар Дистрибюшин” ХХК албан ёсны эрхтэйгээр импортолдог. Одоогоор тус брэндийн бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг  хориглосон зүйл байхгүй бөгөөд хилээр оруулахыг хориглосон барааны жагсаалтыг УИХ-аас баталдаг учир "ШУУД ХОРИГЛОХ" боломжгүйг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. 

Бид энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тодруулсан юм. Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир: Өнөөдрийн байдлаар тус бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр гаалийн байгууллагын хяналт дор хэвийн орж ирж байгаа. Учир нь бидэнд байгаа хориглох барааны жагсаалтад энэхүү бүтээгдэхүүн байхгүй учраас зах зээлд хэвийн нийлүүлэгдэж байгаа гэлээ.

Харин МХЕГ-аас тодруулахад: Одоогоор дэлхийн мэргэжлийн байгууллагын сүлжээнд энэхүү бүтээгдэхүүний талаар хориглох мэдээлэл ороогүй байгаа дээр нь Монгол Улсын иргэнээс ямар нэг гомдол ирээгүй болохоор хориглох жагсаалтад оруулах санал болон түр худалдаалахыг хориглоогүй гэсэн юм. 

“Johnson & Johnson”-ы хэвлэлийн төлөөлөгч Ким Монтагнино “Хүүхдийн цацлага нь шөрмөсөн чулуу агуулаагүй. Хорт хавдар үүсгэх боломжгүй. Тиймээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна" гэж мэдэгдэж байгаа ба тус компани шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болжээ. Мөн компанийн зүгээс хүмүүст хандан “Johnson & Johnson”-ы цацлага, бүтээгдэхүүнтэй холбоотой маргааныг арилгахыг уриалжээ.
 

ДЭЛГЭРЭНГҮЙГ МОБАЙЛ ТВ-ЭЭС ҮЗНЭ ҮҮ! 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top