Энэ сарын 18-ны өдөр 25 дугаар эмййн сан дахь салбар KFC сүлжээ хоолны газраар үйлчүүлсэн аав, хүү хоёр гэдэс нь гүйлгэж Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Тэд гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01 цагт ХӨСҮТ-д очиж эмчилгээ хийлгэж эхэлсэн ба аав, хүү хоёрын биеийн байдал дээрдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг мэдээлж байв.
Тэгвэл тэдний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Шинжилгээгээр хоолны хордлого гэдэг нь тогтоогдоогүй байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхбаатараас тодруулахад “Одоогоор хоолны хорлого болоод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй. KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн гэх аав, хүү хоёроос шинжилгээгээр хоолны хордлогын шинж тэмдэг илрээгүй. Эмнэлгээс гарсан” гэдэг мэдээллийг өглөө.
НМХГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах, Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Дариймаа “KFC сүлжээ хоолны газраас дахин хордлого илэрсэн тухай мэдээлэл ирээгүй байна. Хэрэв хоолны хордлого болсон бол ХӨСҮТ-өөс бидэнд мэдээлэл ирүүлэх ёстой. ХӨСҮТ-өөс ийм мэдээлэл ирүүлээгүй учраас бид KFC хоолны газрыг дахин шалгах шаардлагагүй юм. Өмнө нь KFC-ээс хордлого илэрсэнтэй холбоотойгоор бүх салбарт хяналт, шалгалт явуулсан. KFC хоолны газрын Зайсан дахь салбарын үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа” гэлээ.
Ийнхүү KFC хоолны газраас дахин хордлого гарсан гэдэг нь шинжилгээгээр тогтоогдоогүй байна.
Сэтгэгдэл ( 0 )