Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн.
“HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ургийн оношилгоог хийх давуу талтай.
Нийт гурван төрлийн датчиктай бөгөөд хэвлийн буюу гүдгэр датчик /EUP-C715/ нь хэвлийн хөндийн дотор эрхтнүүдийг харах боломжтой бол, шугаман буюу шулуун датчик /EUP-L74M/ нь зүрх судас, хөх, бамбай зэрэг эрхтэнд оношилгоо хийнэ. Харин гурав дахь датчик буюу 3D/4D буюу /EUP-CV724/ нь эх барих, эмэгтэйчүүд болон ургийн гаж хөгжлийг оношлох боломжтой.
Уг аппарат нь цуллаг эрхтний хатуурал болон хавдрыг эрт үед нь илрүүлэх өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн 4D дэвшилтэт технологи юм.
Мөн элэг болон бусад цуллаг эрхтэнд үүссэн голомтот өөрчлөлт, хавдрын хэмжээг нарийвчлан тооцоолно. Ялангуяа цуллаг эрхтний, тэр дундаа элэгний хатуурлын зэргийг тодорхойлох Эластография программтай юм.
Энэ нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр цогц байдлаар хэрэгжиж, элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд чухал алхам боллоо. Ийм хүчин чадалтай аппарат өмнө нь нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд ашиглагдаж байгаагүй болно.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар
Сэтгэгдэл ( 0 )