“Найрамдал” эх нялхасын амралтын газрын захирал Ш.Ванчигмаатай ярилцлаа.
-“Найрамдал” эх нялхасын амралтын газар нь хэзээнээс эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-“Найрамдал” эх нялхсын амралтын газар нь дөрвөн жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай байгууллага нь ээж болон 0-3 настай хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, агаар салхинд хүүхдээ гаргах, өөрсдөө амрах сонирхолтой ээжүүдэд зориулсан эх, хүүхдийн амралтын газар юм. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдэд бид хоёр хоног үнэ төлбөргүй амрах эрх олгодог. Энэ нь нэг талаараа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, нөгөө талаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээжүүдэд амрах, ядаргаа тайлахад нь том хувь нэмэр оруулж байна гэж хэлж болно.
-Найрамдал эх нялхасын амралтын газар амарснаар эх, хүүхэд ямар ямар үйлчилгээ авах вэ?
-Манай амралтанд амарснаар ээжүүдэд бүтэн биеийн иллэг, нүүр хүзүүний иллэг, бумба, нурууны иллэг гэх мэт үйлчилгээ үзүүлдэг. Харин хүүхдийг хар цай, ясны шөлөнд оруулж иллэг хийх үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийг хар цай болон ясны шөлөнд оруулах нь дараах давуу талтай. Хоол шингээлт сайжирна, арьсны нөхөн төлжилт сайжран борогшуу болно, таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна, цусны эргэлт нэмэгдэн дархлааны систем сайжирна, хөлсний сүв нээгдэнэ, биеэс хорыг гадагшлуулах, хий ядаргааг тайлна, хүүхдийн нойргүйдлийг багасгана, дархлааг дэмжин сайжруулна, ханиад томуу хатгаанаас хамгаалах гэх мэт давуу талтай. Мөн манайх хүүхэд асрагчтай. Хүүхэд асрагч нь ээжүүдийн гарыг амраах зорилготой.
-Тэгэхээр тогтмол ажилчидтай гэсэн үг үү?
-Тийм ээ. Манайх тогтмол 5-6 ажилчинтай. Гал тогоонд хоёр хүн ажилладаг. Мөн хүүхэд болон ээжид зориулсан үйлчилгээн дээр нэг хүн, хүүхэд асрагчаар нэг хүн ажилладаг. Зуны цагт манай амралтын ачаалал ихэсдэг. Ерөнхийдөө манай амралтын газар нь 10 өрөөтэй. Тэрхүү өрөөнүүддээ 10 ээж, 10 хүүхэд авах зорилготой. Гэхдээ нэмэлт хоолны төлбөрөө төлөөд хоёр юм уу, гурван хүүхэдтэй ээж нар ирдэг заримдаа аав нар нь ирж амардаг.
-Хоолны цэсэнд юу юу багтсан байдаг вэ?
-Хоолны цэсэнд манайх ерөнхийдөө шинэлэг төрлийн амтлагчгүй тогтмол шинэ мах ногоогоор хоол хийж өгдөг.
-0-3 настай хүүхдүүдийн хоолны тал дээр хэрхэн анхаардаг вэ, жишээлбэл ямар хоолны төрлүүдийг багтааж өгсөн байдаг юм бол?
-0-3 настай хүүхдүүд ихэвчлэн бантан иддэг. Тиймээс бантанг түлхүү хоолны цэсэндээ оруулж өгдөг. Гурван төрлийн үндсэн ногоогоор баяжуулсан бантан өгдөг. Каш болон зөвхөн гурилаар хийсэн бантан бус кашаар хийсэн бантан гэх мэт төрөл бүрийн зүйлсээр баяжуулан хоолны цэсэндээ оруулдаг. Гурваас дээш насны хүүхдүүдэд харин том хүний хоолноос багасгасан хэмжээгээр хийж өгнө. Учир нь элдэв янзын амтлагчтай болон хайрсан хуурсан хоол бага гардаг учраас бага насны хүүхдүүдэд өгөхөд тохиромжтой байдаг юм.
-Ээж, хүүхдүүд ихэвчлэн хэд хоногоор амрахаар ирдэг вэ, ер нь хэд хоног амрах боломжтой байдаг вэ?
-Эх нялхас хэдэн ч хоног амрах боломжтой. Гэхдээ ихэвчлэн 3-5 хоног түлхүү амардаг юм. Зарим ээжүүд өвөл цагаар хотын утаанаас зугтан хоёр сараар амардаг ч тохиолдол бий. Ер нь бол ээжүүдийн хүссэнээр бид амраах боломжтой байдаг юм.
-Ээжүүд удаан хугацаанд амардаг гэвэл өрөөний хувьд маш тав тухтай юм байна тийм үү?
-Амралтын өрөөнүүд маань модон хавтангаар доторлосон, өрөө бүр зөөлөн хивсэнцэр, ариун цэврийн өрөөтэй. Ээж хүүхдэд гэртээ байгаа мэт тав тухыг мэдрүүлэхийг хичээн амралтын өрөөнүүдээ тохижуулсан байдаг юм. Өрөөнүүдийн хувьд жижиг болон том гэсэн хоёр сонголттой байдаг.
-“Найрамдал” эх нялхасын амралтын газраас нийгмийн хариуцлагын хүрээнд цөөнгүй ажил хийж байсан талаар сонссон?
-Манай байгууллага нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр байнга оролцож байдаг. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтмол өөрсдөө үйл ажиллагаа зохион байгуулж байна. Юу байна түүгээр дайлна гэдэг шиг. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хүүхдээ хараад гэртээ байдаг ээж, хүүхдийг хоёр хоног үнэ төлбөргүй амралтандаа амраах, үйлчилгээ үзүүлж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашид тогтмол үргэлжлэн явагдана.
-Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хүүхдээ хараад гэртээ байдаг ээжүүдийг үнэ төлбөргүй амраах болсон бэ?
-Ийм ээж болон хүүхдүүд нийгмийн харилцаанд бага оролцдог, тэр бүр гэрээсээ гараад байдаггүй болохоор амралтанд ирээд маш их баярладаг юм билээ. Бид анх нээсэн жилдээ "Ээлтэй ертөнц" ТББ-д харьяалагддаг 10 ээж, 10 хүүхдийг үнэ төлбөргүй амраасан юм. Тэдгээр ээжүүд, хүүхдүүд маш их баярлаж байсан болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийг үнэ төлбөргүй амраан баярлуулахаар шийдсэн.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нарт манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Сэтгэгдэл ( 3 )
Hotolin tsementiin mongo Shoovdor Batuuliin garaar garaad duree huvirgan suvilal bolood buyan nertei nugel boljee.Shoovdor ulsiin omchin tsementin hulgaichin huuhed l bna.