Нислэгийн тоо 4.4 хувиар өсчээ

2019 оны 04 сарын 16

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар 2019 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар 296828 зорчигч үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар өсчээ. Эхний улирлын байдлаар олон улсад 205872, орон нутагт 90956 зорчигч үйлчлүүлсэн байна.

Мөн эхний улирлын байдлаар тус нисэх буудалд олон улсын 1867, орон нутгийн 1156 нислэг үйлдэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нислэгийн тоо 4.4 хувиар өсчээ. Түүнчлэн эхний улиралд 1181,6 тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оныхоос 2.3 хувиар өссөн гэдгийг “”Чингис хаан” ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар өнөөдөр тус нисэх буудалд болсон Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар “Чингис хаан” ОУНБ-д олон улсын 15, орон нутгийн 11, нийт 26 чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэж байна.

Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом хуурайшилт ихтэй, гал түймрийн аюул их байгаа энэ үед харьяа байгууллагууд цэвэрлэгээ хийхдээ нисэх буудлын талбай, ойр орчим дахь өнжмөл өвсийг шатаахгүй байхыг онцлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

 

Эх сурвалж: ИНЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top