Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Эрүү Нүүрний Мэс Заслын тасгийн эмчийн өөрийн цахим хуудсаараа дамжуулсан дараах анхааруулга, зөвлөгөөг хүргэж байна.
"Өнөөдөр би жижүүртэй, сая нэг өвчтөнд боолт хийгээд дуусав. Ер нь бусдад анхааруулах зорилгоор нэг юм бичье гэж бодлоо. Шүдээ зөв угааж арчилж чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдсан тохиолдлууд дэлхийд багасаж байхад Монгол улсад өссөөр байна. Гаднаа гяланцаг дотроо (аман дотор нь) паланцаг гэдэг байнаа. Анзаараад байхад шүдээ угаадаггүй, эсвэл дутуу угаадаг, амны хөндийн ариун цэвэр муу, шүдний эмчид үзүүлдэггүй хүмүүст зонхилон тохиолддог эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлуудын нэг бол эрүү, нүүр орчмын шүдний гаралтай буглаа нэвчээс юм. Энэ нь энгийнээр тайлбарлавал шүд хорхойтож, цаг даруйд нь анхааран эмчлүүлээгүгээс болж үрэвсэж, ясаа идэж, цоолж зөөлөн эдлүү халин гарч, тэр хавийн булчингуудын хооронд идээ үүсгэж буглахыг хэлнэ. Шулуухан хэлэхэд арчаагүйгийн өвчин. Хорхойтоод, өвдөөд, үрэвсээд, ясаа идээд, бугласны дараа нь л манайхан учиргүй сандарч "зүв зүгээр байж байгаад гэнэт ингэчихлээ..." гээд, цочирдсон бас гомдсон байдалтай ажлын цаг дууссан эсвэл амралтын өдрүүдээр эмнэлэгт хандах нь элбэг. Өмнө нь эмнэлэгт хандах боломжгүй их л завгүй хүмүүс юм шиг байгаа юм. Нэгэнт бугласан үед эрүү нүүрний мэс заслын туршлагатай эмч нар яаралтай мэс заслын аргаар нээж идээг гадагшлуулан олон хоног сахиж эмчилж байж эдгэнэ. Харамсалтай нь буглаад хэр удсан, ямар нян бактерийн гаралтай, өвчтөний биеийн байдала гэх мэт бас бус юмнаас шалтгаалан идээ нь бүх биеэр тархаж амь насаа алдах аюултай. Тиймээс хөгшин залуу, хөдөө хотынх гэлтгүй бүгдэд нь хандаж хэлэхэд арчаатай байж, амны хөндийн эрүүл ахуйдаа анхаарал тавьж яваарай даа. /Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Эрүү Нүүрний Мэс Заслын Тасаг Б.ДӨЛГӨӨН/" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
дархлаа муугийнх