Өнгөрөгч бямба гараг буюу зургаадугаар сарын 8-ны өдөр "Өнөр бүл" асрамжийн төвд гал гарсан билээ. "Өнөр бүл" төвийн хоёр давхар бүхэлдээ галд автсан ба 78 хүүхэд угаартаж хордлогын шинж тэмдэгтэй Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ яаралтай тусламж үйлчилгээ авсан юм. Энэ талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн Тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалангаас угаартсан хүүхдүүдийн биеийн байдлын талаар тодрууллаа.
-“Өнөр бүл” асрамжийн төвд гарсан галын улмаас угаартсан хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлсэн. Тэдний биеийн байдал ямар байна вэ?
-“Өнөр бүл” төвд гарсан галын улмаас 78 хүүхэд хордлого шинж тэмдэгтэй Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүргэгдэж ирсэн. Тэдэнд нарийвчилсан шинжилгээ хийхэд бодисын солилцоо болон хордлогын шинжтэй байсан. Урьдчилсан буюу анхан шатны эмчилгээнүүдийг хийсэн. Эмчилгээ хийгдсэний дараа 12 хүүхдийн биеийн байдал сайжирсан.
-Тэдгээр хүүхдээс нэг хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий?
-Нэг хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчүүлсэн. Тус хүүхэд нь “Өнөр бүл” асрамжийн газраас шууд цэргийн төв эмнэлэгт хүргүүлж хоргүйжүүлэх эмчилгээг хоёр цагийн туршид хийлгэсэн. Үүний дараа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлэн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн байгаа. Эрчимт эмчилгээнд хэвтсэн хүүхдийн биеийн байдал харьцангуй дээрдсэн.
-Хүүхдүүдийн биеийн байдал дахин муудсан уу?
-Манай хүүхдийн яаралтай тусламжын тасаг энэ сарын 8-ны байдлаар 600 гаруй хүүхэд үзсэн. Үүнээс 78 нь “Өнөр бүл” асрамжийн газраас ирсэн хүүхдүүд байсан. Зонхилон бөөлжиж, суулгалттай хүүхдүүд яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байна.
Угаартсан 78 хүүхэд дунд гэмтлийн тусламж авах шаардлагатай хэд, хэдэн хүүхэд байсан. Иймд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс долоон эмч дөрвөн сувилагч ажиллаж яаралтай арга хэмжээг авч, найман хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн гэмтлийн анхан шатны тусламжийг үзүүлсэн байгаа. Хүүхдүүдэд анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэсний дараагаар асрамжид буцаасан. Эргэн холбоо барихад дахиж хордлогын шинж тэмдэг илрээгүй гэсэн.
Сэтгэгдэл ( 0 )