Хорт хавдрыг мэс засал хийхгүйгээр эмчлэх АППАРАТТАЙ боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Туяа эмчилгээний гурван хэмжээст шугаман хурдасгуур аппарат өнөөдөр /2019.06.19/ Хавдар судлалын үндэсний төвд ашиглалтад орж байна. Тус аппарат нь гурван сая еврогийн өртөгтэй бөгөөд цөөнгүй салбарын эмч, мэргэжилтнүүд хамтран дөрвөн жил ажилласны хүчинд Хавдар судлалын үндэсний төвд суурилуулжээ. Аппарат нь эрт шатандаа илэрсэн хорт хавдрыг мэс засал хийхгүйгээр эмчлэхээс гадна хавдрын бусад эмчилгээг дэмжих зорилготойгоор хэрэглэх аж. Мөн хөнгөвчлөх эмчилгээний үед өвчин намдаах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашиглах зориулалттай юм. 
Шугаман хурдасгуур нь тухайн хорт хавдрыг  цөмийн хүчтэй эрчмээр шарж эмчлэх технологи бөгөөд давуу тал нь хорт хавдрын дэргэдэх эрүүл эд эрхтэнд цөмийн эрчим, цацраг туяаг нь нөлөөлүүлэхгүй, хүргэхгүй байхад оршдог. Өөрөөр хэлбэл хорт хавдрыг үүссэн хэлбэрийнх нь дагуу яг онож устгах, байлах чадвартай гэсэн үг юм. Мөн цөмийн эрчим, цацрагийнх нь хүчийг хорт хавдарт нөлөөлөх шаардлагатай хэмжээгээр тохируулан гаргадаг давуу талтай. Анагаахын салбарт цөмийн технологийг ашиглаж буй маш том төлөөлөл нь хорт хавдрын "туяа эмчилгээ" билээ. Энэ технологи дэлхий дээр тасралтгүй хөгжиж, эмчилгээнд нэвтэрч байгаа гэдгийг онцолж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top