Б.Саруул: В вирусийн вакцины ЭСРЭГ ЗААЛТ харьцангуй бага

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 40 орчим хувь нь элэгний В, С вирусийн халдвартай гэж гарчээ. В вирусийг удаан тээвэл элэг хатуурч, улмаар хавдар болон амь насанд хүрэх аюултай гэдэг. Тэгвэл В вирусээс хэрхэн хамгаалах, дэглэм сахих талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/  эмч, доктор Б.Саруултай ярилцлаа. Түүний зөвлөгөөг хүргэж байна. 


-Элэгний өвчин үүсгэдэг хэдэн төрлийн вирус байдаг вэ?

-Дэлхий дээр нийтдээ элэгний өвчин үүсгэдэг есөн төрлийн вирус байдаг. Монгол Улсад элэгний өвчлөл үүсгэдэг таван төрлийн вирус нь оношлогддог.  Хүүхдүүд цэцэрлэг, яслид байхдаа голдуу тусдаг халдварт шар өвчин. Үүнийг А  вирусийн элэгний үрэвсэл гэж нэрлэдэг. 2012 онд вакцинтай болсноос хойш хүүхдүүдийн дундах өвчлөл эрс буурсан гэж хэлж болно. ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар вакцин хийдэг болсноос хойш 23 дахин буурсан гэсэн үзүүлэлт гарсан ба жилд өвдөж буй хүүхдүүдийн тоо 30 орчим байна.хүүхдүүд А вирусийн халдвараар өвдсөн тохиолдолд  өвчин архагшдаггүй эдгэрэлт сайтай байдаг.

Е вирусийн халдвар бол бохирлогдсон ус, хоол хүнс, бохир гараар дамжин элэгний өвчлөл үүсгэдэг. Энэ вирусийн аюултай нэг шинж чанар нь бохирлогдсон усаар тархдаг учир хүн амыг олноор өвдүүлэх эрсдэлтэй.  Жирэмсэн болон настай хүмүүс хүнд өвдөх магадлалтай. Гэхдээ харьцангуй эдгэрэлт сайтай байдаг өвчин. Энэ өвчлөл нь манай улсад 2015-2016 оны хооронд 14 тохиолдол бүртгэгдэж байсан.

Харин B,C,D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар  дамжсан халдвар, мөн бэлгийн замаар халдаж болно. Гараа эсгэх, ил шарх, батга шахах тохиолдолд ч вирус халдварлах боломжтой. Хаанаас л цус гарч байна түүгээр халдана гэж ойлгох хэрэгтэй. Маникюрын мах авдаг багаж, шүдний чигчлүүр, үсний сам, сахлын татуурга гээд хаагуур арьс гэмтэж цус гарч байна түүгээр халдах эрсдэлтэй. Дээх нь үед “тариурын шар”-аар их халдварладаг байсан. 1960,1970-аад оны үед шилэн тариураа айлаас айлд дамжуулан хэрэглэснээр халдвар маш их  тархсан гэж үздэг. Одоо нэг удаагийн тариур хэрэглэж байгаа ч маникюр, гоо сайхны үйлчилгээ, шивээс хийлгэх, чих цоолох, косметик хагалгаа, шүдний эмнэлгийн багаж хэрэгслээр халдвар дамжих эрсдэл өндөр байна.

-В вирусийн хувьд хэр аюултай вирус вэ?

-Элэгний архаг үрэвсэл үүсгэж, цаашилбал амь насанд хүргэдэг элэгний хатуурал, хавдар үүсгэдэг. Тийм учраас В вирусийн халдвараас өөрийгөө зайлшгүй хамгаалах нь ёстой. В вирусийн хувьд вакцинтай халдвар учраас өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломж байна.

-В вирусийн эсрэг вакцины талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улс 1990 оноос хойш энэ вакциныг хийж байгаа. Вакцин хийсний үр дүнд манай улсын 0-5 насны хүүхдүүдийн дундах В вирусийн халдвар 0.53 хувьд хүрч буурсан. Ази Номхон далайн бүсийн орнуудын зорилт хоёр хувь байдаг ба вакцины ач тусаар цочмог В вирусийн өвчлөл эрс буурсан. В вирусийн халдваргүй нь шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд В вирусийн эсрэг вакцин хийгдэх бөгөөд гурван удаагийн давтан тунгийн дараа вакцины дархлаа 10-15 жилийн хугацаанд тогтоно. Эхлээд В вирусгүй гэсэн шинжилгээний хариу нэг сарын дотор байх ба эхний нэг дэх тунгаас хойш 45 хоногийн дотор 2дахь тунгаа, хоёр дахь тунгаас хойш зургаа дахь сардаа 3 дахь тунг хийнэ. Ингэснээр дархлал бүрэн тогтоно.

-Өдөрт хэдэн хүн В вирусийн эсрэг вакцин хийлгэж байна вэ?

-ХӨСҮТ-д өдөрт дунджаар 150-160 хүн В вирусийн эсрэг вакцин хийлгэдэг ба, өнгөрсөн оны хувьд 36564 хүн энэхүү вакциныг хийлгэсэн байна. Ажлын цагаар 8:30-14:30 цагийн хооронд хийгдэж байгаа. Нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэнэ. Таны тушаасан мөнгө дархлаажуулалтын санд тушаагддаг болно.

-Энэ вакциныг хаана хийлгэж болох вэ?

-Улаанбаатар хотын хувьд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн амбулаторийн тасаг дахь дархлаажуулалтын кабинетад хийгдэж байгаа.

-В вирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа хориглох зүйл байгаа юу?

-Вакцин хийхэд эсрэг заалт харьцангуй бага. Вакцин хийсний дараа даарч хөрөхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хэт ядрахгүй байх шаардлагатай.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гэрэлэн(202.179.31.118) 2019 оны 06 сарын 30

2 удаа вакцин хийлгэсэн 3 дах тун гэж байхгүй гэсэн үнэн үү

0  |  0
Итгэхгүй байна.(112.72.12.6) 2019 оны 06 сарын 28

Манай хүүхэд улсын эмнэлэгт шаардлага хангахгүй орчинд хагалгаа хийлгэсэнээс болж халдвар авч ХӨСҮТ- д эмчлүүлсэн. Гол нь халдвар авсанаас хойш 6 сарын дараа өвчилсөн. Дархлаа тогтоогүй байна гэж үзэх үү, вакциныг зохих ёсоор тунгий нь тааруулж хийгээгүй байна гэж үзэх үү?

0  |  0
Top