“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт иргэд ам сайтай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Монгол улсын Засгийн газраас  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Хөтөлбөрийн  хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.  Гэхдээ эхний ээлжинд буюу энэ оныг дуустал 2-6 настай хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг эмчилж байгаа юм. Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт тавьж сонгон шалгаруулалт явуулснаар 199 эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тэнцсэн байдаг. Тэгвэл эдгээр эмнэлгийн нэг болох Баянгол дүүрэгт байрлах “Баянсан дент” шүдний эмнэлгээр зочиллоо.

Эмнэлгийн үүдээр орж ирэхэд л шүдээ үзүүлэхээр хүүхдүүд цаг авч дараалал үүсгэсэн байлаа. Гэхдээ тус эмнэлэг ачааллаасаа шалтгаалаад өдөртөө 10 гаруй хүүхдэд үзлэг хийж байгаа гэнэ. Хөтөлбөр эхлэхэд маш олон хүүхэд эмнэлэгт хандаж байсан бол одоо зуны улирал таарч, хүүхдүүд зуслан, лагертаа гарч, хөдөө явсан гээд харьцангуй ачаалал багасаж байгаа аж.
Биднийг ороход 3 настай хүү шүдээ эмчлүүлж байсан бөгөөд эмч нь эрэгтэй хүн гэхэд хүүхдийн эвийг тун ч амархан олж, уйлуулахгүй үзэж чадаж байв. Хүүхэд бүрийн үзлэг янз бүр зарим  хүүхдийн шүд ихээхэн өвчлөл ихтэй байхад зарим нь шүдээ хамгаалж үзлэг хийлгэж зөвлөгөө авч байв.

Ингээд хүүхдээ үзүүлж явсан Баянгол дүүргийн иргэн н.Энхмаагаас сэтгэгдэл асуулаа. Тэрбээр “Баянсан дент эмнэлгийн эмч нар маш чадварлаг. Бас их найрсаг. Би хүүгээ үзүүлээд эмчилгээ хийлгээд, зөвлөгөө аваад дараагийн эмчилгээний цагаа аваад явж байна. Миний хүүтэй маш найрсаг хандаж, өвдөлтгүй эмчилж чадлаа. Бага насны хүүхдийн эвийг олно гэдэг чинь их чанга шүү дээ. Засгийн газраас явуулж байгаа “Эрүүл шүд, эрүүл хүүхэд хөтөлбөр” тун хэрэгтэй сайхан ажил болж байна. Монгол Улсын иргэн эрүүл байвал их зүйлийг бүтээж чадна. Бүх өвчлөлийн эх суурь шүд гэдэг. Тэгэхээр ирээдүй болсон хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлж байгаад маш их баяртай байна” гэв.
Д.Доржсүрэн: 2-6 насны хүүхдийн шүдний өвчлөл маш их байна

“Баянсан дент” эмнэлгийн их эмч, анагаах ухааны магистр, докторант, ахлах зэргийн эмч Д.Доржсүрэнтэй ярилцлаа.

-Танай эмнэлэг “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт хамрагдаж шалгарсан. Хөтөлбөрийн хүрээнд хэр их хүүхэд хамрагдаж байна вэ?

-Манай эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 11-нээс эхэлж үзлэг хийж байгаа билээ. Хөтөлбөр эхэлснээс хойш ачаалал бол их байгаа шүү. Олон хүүхэд хамрагдаж байна. Өдөр бүр өглөө 9.00-21.00 цаг хүртэл ажиллаж байна.

-Хүүхдийн шүдний өвчлөл хэр их байна вэ. Өдөрт хэчнээн хүүхэд үзүүлж байна вэ?

-Хүүхдийн шүдний өвчлөл маш их байна. Ялангуяа 2-6 насны хүүхдийн шүдний өвчлөл давамгайлж байна. Өдөрт 10 гаруй хүүхэд үздэг. Үнэндээ хүүхдийн шүдний өвчлөлөөс шалтгаалаад 10 хүүхдээс хэтэрч үзэж чадахгүй байна.

-Хүүхдийн шүдний өвчлөл их байгаагийн гол шалтгаан юу байна вэ?

-Идэж ууж байгаа хоол хүнсний хэрэглээ, багаасаа шүд угаах арга дадлыг заншаагүйгээс үүдэж байгаа гэж бодож байна. 0-6 насны хүүхдийн шүдийг ээж аав нь угааж өгч байх ёстой. Гэтэл ээж, аав, асран хамгаалагчид нь тэр болгон угааж өгөхгүй байна. Хүүхдүүд чихэр болон нүүрс ус агуулсан хүнс ихээр хэрэглэж байна. Мөн идэж байгаа давтамж их байна. Тиймээс долоо хоногт чихэр иддэг нэг өдөртэй болох гээд давтамжаа багасгах хэрэгтэй. Манай эмнэлэг хүүхдүүдэд үзлэг хийхээс гадна шүдээ эрүүл болгоод хэрхэн урьдчилан сэргийлэх талаар байнга зөвлөгөө өгдөг. Зөвхөн хөтөлбөр гэлгүй манай эмнэлгээр үйлчлүүлсэн түүх нээлгэсэн хүүхэд бүрийг байнга урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг.

-Танай эмнэлэг Баянгол дүүрэгт байрлаж байна. Тэгэхээр хөтөлбөрийн хүрээнд үзэх хүүхдүүд зөвхөн Баянгол дүүргийн хүүхдүүд хамрагдах уу?

-Үгүй. Манай эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд дүүрэг харгалзахгүй 2-6 насны хүүхдүүдэд үзлэг хийж байгаа.

-“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөр бол маш цаг үеэ олсон сайхан арга хэмжээ. Хүүхдүүдээ үзүүлж байгаа эцэг эхчүүдийн сэтгэгдэл маш өндөр байгаа.

-Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд 60 мянга төгрөг хүртэлх мөнгийг улсаас гаргаж өгнө гэж байна. Илүү гарсан эмчилгээний төлбөрийг яах вэ?

-Бид 2-6 насны хүүхдүүдээ хөтөлбөрт заасны дагуу 7 төрлийн эмчилгээнээс сонгоод хүндрэл өгөх гээд байгаа шүднүүдийг эхэлж үзэж байна. Улсаас бол 60 мянган төгрөгт баригдаж үзэж байна. Гэхдээ илүү гарсан мөнгөө гээд авч байгаа зүйл байхгүй байгаа. Зарим эцэг эхчүүд зөрүү мөнгөө төлөөд үзүүлж байна. Зарим нь ойлгохгүй байна.

-Ямар долоон төрлийн үзлэгийг хийж байгаа вэ?

- Шүд цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэг, сүүн шүдний цооролт багасгах түрхлэг, шүдний ховил бүтүүлэх, шүд авах, зөвлөгөө өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top