НЭМГ наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр /2019.07.09/ боллоо.

Энэ удаагийн хурлаар баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, болзошгүй байдлын үед үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах, “Хамтдаа суралцья” туршлага солилцох аяныг эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулах, улаанбурхан, улаанууд өвчин болон хепатитийн В вирусын халдвар, тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

Мөн энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх журмын хэрэгжилтээс гадна 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх, баяр наадмын өдрүүдэд үе усны болзошгүй аюулаас сэрэмжилж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг анхааруулсан юм.

Түүнчлэн шуурхай хурлын хүрээнд байгууллагын албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарах, ирэх 2020 оны төсвийн төлөвлөлтийг зохих журмын дагуу боловсруулах, эрүүл мэндийн байгууллагын дотоод болон гадаад орчны аюулгүй байдалд үнэлгээ хийж, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг авах, ХУД-ийн 15 дугаар сургуулийн сүрьеэгийн халдвартай хүүхдүүдийн эмчилгээ, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулах, нийслэлийн зарим дүүрэгт нүүрс түлдэг объект бүхий эрүүл мэндийн байгууллагууд цахилгаан үүсгүүр хэрэглэж хэвших, олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг идэвхижүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын сахилга, хариуцлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top