Сайдын шийдвэрийн дараа шинжилгээ өгөгсдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Монгол Улс 1921 онд 500 орчим мянган хүн амтай байхад 50 хувь нь буюу хоёр хүн тутмын нэг нь тэмбүүтэй байсан тухай эмч нар ярьдаг. “Улаан тарианы хүүхнүүд” гэх нэршил ч тухайн цаг үедээ тогтож, орос эмч нарын буянаар адгийн муу өвчнөөс ангижирч байжээ. “Соёлын довтолгоон” гээчийг өрнүүлж, бүгдийг нь албадан эмчилснээр улсын хэмжээнд тэмбүү өвчнийг бүрмөсөн устгасан тухай зарлаж байжээ.

Манай улс 1990 оноос өмнө тэмбүү өвчинтэй идэвхтэй тэмцэж ирсэн ч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш олон шалтгааны улмаас өвчлөл дахин нэмэгджээ. Мөн төрөлхийн тэмбүү өвчин жилээс жилд нэмэгдэж, 25-50 тохиолдол тогтмол бүртгэгдсээр байна. Өнгөрсөн онд л гэхэд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдэж, 13 ураг амьгүй төрсөн тохиолдол гарчээ. Энэ эмгэнэлт байдал социализмын үед албан байгууллагынхныг албадан оношилгоонд хамруулдаг байсан тэр цагийг үгүйлэхэд хүргэсэн.

Энэ өвчин нь хүний бүх эрхтэн,  яс,  үс, арьс салст,  дотор эрхтэн,  тэр ч байтугай мэдрэлийн эсийг хүртэл гэмтээдэг нийгмийн хор хөнөөлтэй өвчин юм. Тус өвчний 60 гаруй хувь нь далд хэлбэртэй бөгөөд халдвар авсан хүнд ямар нэг зовиур илэрдэггүй тул эмнэлэгт ханддаггүй аж.  Энэ нь тэмбүү өвчний тархалт улам нэмэгдэх нэг шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.  Оношилгоо хийж байж л эрүүл, өвчтэй эсэх нь тогтоогддог энэ өвчин цаашлаад үргүйдэл үүсгэж,  үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  "Өнөөдөр манай улсад тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлага бий болсон. Учир нь одоогоор нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү эзэлж байна. Жил бүр 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарч байна" гэж мэдээлсэн.

Бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах,  улмаар төрөлхийн тэмбүүг устгах талаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/ хамтран хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг өрнүүлж  эхэлснээр үр дүнгээ өгч байна

"Тэмбүүг устгая" үйл ажиллагаа хэрэгжсэнээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд байрлах  "Улаантууз" эмнэлгээр долоо хоногтоо 280-300 хүн үйлчлүүлдэг байсан бол 480-540 хүнд хүрч ажиллаж эхэлжээ. Мөн иргэд сайн дурын үзлэгт идэвхтэй хамрагдаж байгаа юм.  Түүнчлэн "Тэмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд нийгмийн сүлжээгээр дамжуулан залууст мэдлэг мэдээлэл өгөх үүднээс "УЛААН ТУУЗ" цахим хуудсаар зөвлөгөө мэдээлэл өгч эхлээд байгаа бөгөөд иргэдэд  үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ авдаг, эмчилбэл эдгэдэг өвчин гэдгийг ойлгуулах тал дээр түлхүү анхаарч байгаа ажээ.

Үүнээс гадна элэгний В  вирусын эсрэг вакциныг өрхийн эмнэлгүүдээр хийдэг болсноос хойш мөн л энэ төрлийн үзлэг шинжилгээ, вакцинд хамрагдаж буй иргэдийн тоо долоо хоногт 300 байсан бол 1800 болж өсжээ.  Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил амжилттай хэрэгжиж байгаа нь дээрх тооноос  харагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top