Сэлэнгэ аймгийн Хушаат суманд 2019 оны долоодугаар сарын 20-21-ний өдрүүдэд “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг”-ийг зохион байгуулжээ.
Энэ жилийн онцлог нь тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээг нарийвчилсан шинжилгээний аргачлалаар газар дээр нь оношилж, зөвлөгөө өгсөн явдал юм.
Энэхүү цогц арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн урдаа барьдаг зөвлөх эмч нар, Нийслэлээс уригдаж очсон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар, бусад эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн лаборант нарын 42 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа. Тус сумын 15-аас дээш насны нийт 628 хүнд халдварт бус өвчний эрсдлийн үнэлгээ хийж, цусны биохими шинжилгээ авч, шаардлагатай иргэдийг дотор, зүрх, цээжний рентген, эхо, нүд, чих хамар хоолой, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулсан. Тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэгээр 12 хүнд тэмбүү өвчний үүсгэгчийг илрүүлж, нэн даруй эмчилгээнд хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээг шуурхайн зохион байгууллаа.
Үзлэгийн үеэр хувь хүний мэдээллийг кодлож, өвчтөний нууцлалыг чандлан хадгалсан болно. Тус үзлэгийг зохион байгуулахад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Оргил дэмжиж ажилласан бөгөөд цаашид дээрх цогц үзлэгийг тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээтэй хамтатган Сэлэнгэ аймгийнхаа бүх сумдад зохион байгуулахаа төлөвлөж байгаагаа хэллээ. Мөн энэ ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг аймгийн Иргэдийн төлөөгчдийн хурлын даргатайгаа хамтарч шийдвэрлэх болсноо мэдэгдсэн байна.
Ийнхүү Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх болон “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сумаар Сэлэнгэ аймгийн Хушаат сум тодорсон бөгөөд бусад аймаг, орон нутагт энэхүү ажлыг зохион байгуулж, тэмбүү өвчлөлийг Монгол улсад устгах ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )