Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь анх 1977 онд байгуулагдсан ба хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх 3-р шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг.
ЭЭТасаг нь одоогоор 9 ортой үйл ажиллагаа явуулж байгаа ба 7 эмч 21 сувилагч 4 туслах сувилагч, 4 асрагч ажиллаж байна. 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй байсан ба энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг 2 сарын хугацаанд бүрэн хийж өнөөдөр хүлээлгэн өгч байна.
Энэхүү барилгын засварын ажлыг ЭМЯ-аас дэмжиж дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг Жаргалан дулаан ХХК хийж гүйцэтгэсэн ба барилгын бусад их засварын ажлыг “Алтан хийц” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон хийж өгч байгаа юм. Үүнд бүх цонх, хаалга сольж, хана таазны будаг, бүх өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчилсэн.
Ийнхүү энэ засвар үйлчилгээ хийгдсэний үндсэн дээр Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжиж 12 ортойгоор ажиллахаар болж байна.
Монгол Улсын нийт хүн амд үйлчилгээ үзүүлдэг улсын төв эмнэлгийн үйл ажиллагааг өөрсдийн сэтгэл зүрх, санхүү хөрөнгөөр дэмжиж буй хувийн хэвшлийн байгууллагууддаа нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.
Монгол хүн бүр эрүүл байх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )