Орны тоо нэмэгдэнэ гэдэг олон өвчтөнийг аварна гэсэн үг

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Улсын  Нэгдүгээр Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн бүрэн засварын ажлын нээлт өнөөдөр /2019.08.16/ боллоо. Эрчимт эмчилгээний тасаг нь долоон эмч 21 сувилагч дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагч ажиллаж байна. 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй байсан бөгөөд  энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг нэг сарын  хугацаанд бүрэн  хийж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Эл барилгын засварын ажлыг Эрүүл мэндийн яамнаас  дэмжиж дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг “Жаргалан дулаан” ХХК хийж гүйцэтгэсэн ба барилгын бусад их засварын ажлыг “Алтан хийц” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон хийж өгч байгаа юм. Энэ засвар үйлчилгээ  хийгдсэний үндсэн дээр Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжиж 12 ортойгоор ажиллахаар боллоо.

 

 

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний ерөнхий  захирал Т.Мөнхсайхан: "Энэ хугацаанд бид хамгийн гол нь эрчимт эмчилгээнийхээ хүртээмжийг сайжруулж байгаа юм. Өмнө нь есөн ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан  бол одоо 12 ортойгоор үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Манай эрчимт эмчилгээний тасаг нь  улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Өмнө нь бид яаралтай мэс заслын үед болон төлөвлөгөөт мэс заслын үед  эрсдэл хүндрэл гарсан тохиолдолд үйлчлүүлэгчээ авахад бэрхшээлтэй байдаг байсан одоо байнгын үед хүлээн авах боломжтой боллоо” гэж хэлэв.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Отгонтуяа: "Энэхүү засварын нэг онцлох зүйл нь  манай шалны хулдаас  яг эмнэлгийн зориулалтын бактери үрждэггүй хулдаас байгаа юм.  Энэ нь эмнэлгийн дотоод халдвар буурах хүнд өвчтөний цаашдын эмчилгээ үйлчилгээнд их сайн нөлөөтэй гэж үзэж байна. Манайх ерөнхийдөө 52 ортой эрчимт эмчилгээний тасагтай болж байж энэ эмнэлэгт үйлчлүүлж байгаа бүх үйлчлүүлэгчдэд яаралтай тусламж үйлчилгээ болон бусад эмнэлгийн бүх тусламж үйлчилгээг хангалттай үзүүлэх боломжтой болно. Эрчимт эмчилгээний тасаг нь  ачаалал  ихтэй байдаг. Харин орны тоо нэмэгдэнэ гэдэг олон өвчтөнийг аварна гэсэн үг" гэлээ.

Ө.Энхжин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top