АЙЛЧЛАЛ: "Эрдэнэс Монгол", "РОССЕТИ" компаниуд хамтран ажиллана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын хүрээнд өнөөдөр /2019.09.03/ Эрдэнэс Монгол ХХК, ОХУ-ын РОССЕТИ компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачилга 2010 оноос эхлэн яригдаж эхэлсэн. Монгол Улс энэ санаачилгыг анх гаргасан орны нэгийн хувьд бүс нутагт энэ санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

Тухайлбал, нэг жилийн өмнө ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын  эдийн засгийн 4-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ энэ санаачилгыг хэрэгжүүлэх бодит төсөл хэрэгжүүлэх санал гаргасныг бүс нутгийн удирдагчид дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АХБ-ны төслийн шугамаар Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн систем бий болгох судалгааны ажил хийгдэж дууссан юм. Иймд төслийн хөрөнгө оруулалт, хил дамнасан эрчим хүчний худалдаа хийх чиглэлд бодит алхам хийх үүднээс Эрдэнэс Монгол ХХК бүс нутгийн үндэсний том компаниудтай хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байна.

Тус компани цаашид БНХАУ, БНСУ болон Японы компаниудтай энэ чиглэлээр хамтран ажиллана хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top