Хагас зуун жилийн ойн хүрээнд хойд хөршийн ШУА-ийн тэргүүн анх удаа Монголд ирж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 06

Монгол-Оросын  хамтарсан экспедици байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Хоёр улсын  хагас зуун жилийн хамтын ажиллагааны түүхэн ойн хүрээнд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович өнөөдөр /2019.09.06/ Улаанбаатарт хүрэлцэн ирж байна. Хойд хөршийн ШУА-ийн тэргүүн анх удаа манай улсад айлчилж байгаа нь энэ юм.

Түүнчлэн энэхүү ойг тохиолдуулан “Монгол-Оросын хамтарсан  биологийн болон палеонтологийн  экспепицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр 15.00  цагаас  “Blue Sky tower”-ын  Даймонд хурлын танхимд болно.

Хоёр орны эрдэмтэн судлаачид оролцох тус хурлын үеэр Биологи болон палеонтологийн хамтарсан экспедицийн хагас зуун жилд судалж шинжилсэн судалгааны ажлын үр дүнг хэлэлцсэн илтгэл тавигдана.  Мөн түүхэн хугацаанд хийгдсэн судалгааны ажил, эрдэм шинжилгээний ололт амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэх юм.   Энэхүү ойн арга хэмжээнд эхэнд хэлсэнчлэн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.

Тус экспедицийн 50 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа нь хамтын ажиллагааныхаа үр дүнг нэгтгэн ярилцах, олон улсын ач холбогдол бүхий шинжлэх ухааны иж бүрэн мэдээллийн эх сурвалжийг бий болгох, цаашдын үйл ажиллагааныхаа бодлого, зорилтыг тодорхойлох өргөн боломжийг нээж байгаа юм.

Цаашид хамтарсан экспедицийн цар хүрээ өргөжиж судалгааны үр дүнгүүд зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй хүн-байгалийн харилцаа холбооны урт хугацааны урьдчилсан мэдээ, байгаль орчны гамшгаас урьдчилан сэргийлэх өргөн боломжийг тодорхойлоход шинжлэх ухааны нэн чухал үндэслэл болно  гэж хоёр орны эрдэмтэд үзэж байна.

ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ЭКСПЕДИЦИЙН ТАЛААР ТОДОТГОЁ.

1968 оны наймдугаар  сарын 5-ны өдрийн ЗХУ-ын ШУА-ын тушаалаар Монгол – Оросын хамтарсан палеонтологийн экспедици байгуулагдсан түүхтэй. 1969 оноос эхлэн одоог хүртэл хээрийн судалгааг явуулж буй юм. Монгол орны өргөн уудам нутагт маш их цаг хугацааг хамарсан (600-2 сая хүртлэх жил) далайн болон эх газрын хурдсын амьтан ургамлын цогц судалгааны суурийг тавих, эхлүүлэх, Монгол Улсад  эрдэм шинжилгээний хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, ялангуяа шинжлэх ухааны доктор ба боловсролын докторыг олноор бэлтгэх,  шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах  зорилготойгоор байгуулагджээ. Тэр үеэс одоог хүртэл хээрийн судалгааг хоёр орны эрдэмтэд  тасралтгүй  явуулсаар иржээ. Өөрөөр хэлбэл, энэхүү түүхэн хугацаанд Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц баялаг, биологийн олон янз байдлын болон кембрийн өмнөх үеэс дөрөвдөгчийг хүртэлх 600 орчим сая жилийн түүхтэй эртний амьтан, ургамлын судалгааг өргөн цар хүрээтэй явуулж, онол практикийн гүнзгий ач холбогдолтой судалгаа шинжилгээний асар их мэдээлэл, материалыг буй болгож дэлхий дахинд алдаршсан томоохон үр дүнд хүрч чадсан юм.

 Монгол-Оросын палеонтологийн хамтарсан экспедици байгуулагдан ажилласан энэ хугацаандаа палеонтологийн гайхамшигт ховор нандин олдворуудыг олж илрүүлэн гайхамшигтай сан хөмрөгтэй болсноос гадна хамтарсан экспедицийн 48 цуврал бүтээл, 10 ганц сэдэвт зохиол, 1500 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг Орос улсад  болон гадаад орнуудад хэвлүүлжээ.

 Хамтарсан экспедицийн 40 жилийн ойд зориулсан “Палеонтология Монголии” гэсэн 8 ботийг бичиж хэвлүүлэх зорилго тавьж одоогийн байдлаар “Мшанки-Хөвд биетэн”, “Кораллы и строматопородеи-Шүр”, “Брахиоподы-Мөр хөлтөн”, “Позднемезозойские и палеогеновые остракоды-Хавтаст хавчаахай”, “Флора фанерозоя-Ургамал” гэсэн 5 цуврал бүтээлийг хоёр талын судлаачид хамтран бичилцэж хэвлүүлэн олны хүртээл болгосон байна.

Монгол-Оросын палеонтологийн хамтарсан экспедици нь энэ хагас зуун жилд бараг судлагдаагүй байсан Монгол орны палеонтологийн шинжлэх ухааны суурийг тавьж, цогц судалгаа шинжилгээг явуулж, 8 шинжлэх ухааны доктор, 29 дэд докторыг төрүүлж, Монгол оронд үндэсний палеонтологич мэргэжилтэн бэлтгэх ажилд том хувь нэмэр оруулсан юм.

Хагас зуун жилийн хугацаанд Палеонтологийн хамтарсан экспедици нь:

 “Монгол орны мезо-кайнозойн сээр нуруутан”, “Монгол орны урьд кембри ба палеозойн амьтан ургамал, биогеографи” гэсэн 2 үндсэн сэдвийн дагуу ажиллаж байгаа.

1. “Монгол орны мезо-кайнозойн сээр нуруутан” сэдвийн гол үр дүн:

-Тус экспедицийн олж, цуглуулж, боловсруулсан үлэг гүрвэлийн гайхамшигт олдворууд нь Монгол орны палеонтологийн судалгааны нэр хүндийг дэлхийд өндөрт гаргаж, олон судлаачдыг үлэг гүрвэл судлах сонирхолыг төрүүлж, үлэг гүрвэлийн хувьсал хөгжлийн төсөөллийг өөрчилж дэлхийн шинжлэх ухаанд шинэлэг хувь нэмрийг оруулсан.  Үлэг гүрвэлийн 9 овог, 35 зүйлийг шинээр шинжлэх ухаанд бичиглэсэн.

-Мөн хэвлээр явагч-птерозавр, матар, яст мэлхий, гүрвэл зэрэг амьтдыг олж илрүүлэн тэдгээрийн хувьсал хөгжлийн төсөөллийг өргөжүүлэн баяжуулсан. Монгол орноос яст мэлхийн 20 төрөл, 28 зүйлийг шинээр шинжлэх ухаанд бичиглэсэн.

-Эртний шувууны ангийн гарал үүсэл ба хувьсал хөгжлийн гол санааг бий болгох хэмжээний ховор нандин олдворуудыг олж цуглуулан судалгаа явуулсан.

-Цэрд, палеоген, неогены цаг үеийн хөхтөн амьтадын олдворт газар болон олдворуудыг нээн илрүүлж хөхтөний судалгааг Монгол оронд эхлүүлсэн.

-Төв болон баруун Монголын цэрдийн нуурын хурдасны шавьж, загас, ургамлын асар баялаг үлдвэрүүдийг илрүүлж олон тооны ном хэвлүүлсэн.

-Эртний загасны хувьд янз бүрийн насны 50 гаруй олдворт газрыг нээж 4 бүтээл хэвлүүлсэн.

-Пермээс кайнозой хүртэлх насны 100 гаруй олдворт газрын хэдэн мянган эртний шавьжны төрөл, зүйлүүдийг бичиглэж, Монгол орон дэлхийд эртний шавьжны олдвороор чухал байр суурь эзэлдгийг тогтоосон. Үр дүнгээр нь хэд хэдэн ганц сэдэвт бүтээл хэвлүүлсэн.

Хамтарсан экспедици нь 50 жилийн  хугацаанд судалгаа шинжилгээнээс гадна музейн чухал үзмэрүүдийг бий болгосон байдаг.

2. “Монгол орны урьд кембри ба палеозойн амьтан ургамал, биогеографи” сэдвийн гол үр дүн

-Монгол орны археоциат, мөр хөлтөн, трилобит, хөвд биетэн, замаг, акритарх зэрэг амьтан ургамлын судалгааг анхлан явуулж шинэ олдворт газруудыг илрүүлсэн. 1987 оноос Монгол оронд бактерийн палеонтологи гэсэн шинэ салбарыг үүсгэн байгуулсан.

-Дээд ургамал. Энэ хугацаанд Монгол оронд маш олон насны ургамал болон ургамлын олдворт газруудыг илрүүлсэн бөгөөд уг судалгаагаар чулуулгийн насыг тогтоох, эртний цаг агаар, эртний газарзүй, бүс бүчлэлийг сэргээн босгох ажлууд хийгдсэн.

-Монгол орны палеозойн хурдасны шүрийн судалгааг явуулан цогцолборуудыг ялгаж чулуулгийн насыг нарийвчлан тогтоосон.

-Палеозойн мөр хөлтний баялаг олдвор болон олдворт газрыг нээн илрүүлж ордовик, силурын хувьд цогцолбор ялган мужийн харьцуулалтыг хийсэн. Девоны хувьд мөр хөлтнөөр давхрагазүйн нарийн ангилалыг гаргасан, пермийн хувьд анх удаагаа Монгол оронд мөр хөлтнөөр ярусын хэмжээнд харьцуулалт хийгдсэн.

Монгол-Оросын хамтарсан биологийн экспедицийн мэдээллийг хүргэе.

БНМАУ-ын нутагт “Биологи Палентологийн, хайгуул судалгааны экспедици ажиллуулах тухай” ЗХУ-ын ШУА-ийн Тэргүүлэгчдийн 1969 оны долоодугаар сарын 2-ны өдрийн тогтоол болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969  оны гуравдугаар  сарын 28-ны өдрийн  89-р тогтоолууд гарч  1970 оноос биологийн хээрийн судалгааны экспедицүүд ажиллаж эхэлжээ.

 Дэлхийн хуурай газрын экосистемийн судалгааны томоохон экспедицийн нэг ОХУ болон Монголын Шинжлэх ухааны академийн хамтарсан Биологийн иж бүрэн экспедици тасралтгүй 50 жил ажиллаж Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц баялгийн талаарх онол практикийн гүнзгий ач холбогдолтой өргөн цар хүрээтэй судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж ирлээ.

1990 оноос тус  экспедиц Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц (МОХБИБЭ) гэдэг нэртэй болсон байна.

 Энэхүү экспедицийн гол зорилго нь Монголын хөрс, ургамалжил, амьтны аймгийн тархац оршин тогтнох онцлог, зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоох зорилгоор хөрс- ургамал ба зоологийн хайгуул ба суурин иж бүрэн судалгаа явуулах, улмаар эдгээр судалгааны үр дүнд биологийн чухал нөөц баялгийг илрүүлэн үнэлэх, түүнийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад оршиж байв.

Хагас зуун жилийн хугацаанд Монгол орны амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь нарийвчлан тогтоож, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн эрдэм судлалын олон зуун боть эрдмийн бүтээлийг туурвин нийтлүүлжээ.

-Тус экспедицийн ажлын ажлын үр дүнгээр 6.5 мянган эрдмийн бүтээл хэвлүүлсэн бөгөөд экспедицийн шугамаар хээрийн судалгааны эх хэрэглэхүүн материалыг бүрдүүлж “Монгол орны байгалийн нөхцөл биологийн нөөц” цувралаар  66 боть, “Монгол орны шавж”-11 боть, “Сээр нуруутан амьтад” цувралаар 7 боть, 100 гаруй монографи зэрэг томоохон бүтээлүүдийг туурвижээ. Мөн олон тооны янз бүрийн масштабтай зураг хэвлэгдэв. Тухайлбал, “Монгол орны ургамалжлын зураг” (1979, 1:1500000 масштабтай), “Монгол орны ойн зураг” (1983, 1:1500000 масштабтай), “Монгол орны хөрсний зураг” (1980, 1:2500000 масштабтай), “Монгол орны экосистемийн зураг” (1995, 1:1000000 масштабтай) зэрэг томоохон бүтээлийг нэрлэж болно.

-Тус экспедицийн чухал үр дүнгийн нэг болох  Орос-Монголын 100 гаруй эрдэмтдийн олон жилийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэсэн Монгол орны экосистем атласыг экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан англи хэл дээр бэлтгэн хэвлүүллээ.

-Орос-Монголын биологич эрдэмтдийн бүтээн туурвисан эрдмийн бүтээл, байгаль хамгааллын холбогдолтой санал зөвлөмжийг үе үеийн Засгийн газар бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, их дээд сургуулийн оюутан, судлаачид гарын авлага хэрэглэхүүн болгон ашиглаж, байгаль хамгааллын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж байна. 

-Монгол Оросын хамтарсан биологичдын олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон мэдээ, эх хэрэглэхүүн нь  монгол орны экосистем, биологийн төрөл зүйлийн хувирал өөрчлөлтийг үнэлэн дүгнэх мониторинг судалгааны чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх нь  зүйтэй.

-Хагас зуун жилийн хугацаанд Монгол орны байгалийн нөхцөл, биологийн олон янз байдлын хээрийн судалгааны материалыг боловсруулсны үндсэн дээр шинжлэх ухааны докторын зэргийг 45 ажилтан, биологийн ухааны докторын зэргийг 107 ажилтан хамгаалснаас Монголын 28 ажилтан шинжлэх ухааны доктор, 90 гаруй хүн боловсролын докторын зэрэг хамгаалсан байна. 

Цаашид электрон өөрөө бичигч дамжуулагч төхөөрөмжийг ашиглан Монголын хөрсний дулаан ба усны горимыг жилийн турш судлах, цөлжилтийн явц ба ургамлын харь зүйлийн судалгаа үргэлжилж, ургамлын аймаг ба амьтны аймгийн биологи экологийн судалгааг гүнзгийрүүлж,  ойрын жилүүдэд Монгол орны нийгэм-эдийн засаг, ногоон хөгжлийн бодлогод нийцүүлэн тус экспедицийн судалгааны шинжилгээний ажлын хөтөлбөр, үндсэн чиглэлийг нарийвчлан боловсруулах зорилго тавьж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Сурмаажав(202.179.26.95) 2019 оны 09 сарын 07

Цаашид электрон өөрөө бичигч дамжуулагч төхөөрөмжийг ашиглан Монголын газрын гүний дулаан ба газрын доорх усны горимыг 3-5 жилийн турш судлах мониторингийн сүлжээг нэмэгдүүлэх,анхдагч мэдээллийг боловсруулахад сүүлийн үеийн программ хангамжийг хэрэглэх г.м. оруулах

1  |  0
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Алтанхүү(202.9.43.195) 2019 оны 09 сарын 06

Браво!

0  |  0
Top