ӨДӨРЛӨГ: Эрүүл мэндийн олон үйлчилгээг нэг дор үзүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 18

“Эрүүл мэндийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг”-ийн өнөөдөр /2019.09.18/ Сүхбаатарын талбайд болж байна.

Эрүүл мэндийн яамны болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяаны эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан таниулах, нэвтрүүлсэн шинэ техник, технологио танилцуулах, хүрч ажиллах, зөвлөгөө, тусламж өгөх, үзлэг хийх зэрэг үйлчилгээ үзүүлж байв.

 


Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Манай Улс Тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдэж, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”-ыг батлан, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78 хүрэх зорилт дэвшүүлсэн билээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 90 мянган иргэн B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдан, 3700 гаруй иргэн баталгаажуулах шинжилгээг хийлгэж, С вирусийн эсрэг эмчилгээнд 7000 гаруй, B вирусийн эмчилгээнд 5665 иргэн хамрагдаж байна. Мөн бүтээн байгуулалтын хувьд Түлэнхийн төвийг Куветийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ жил ашиглалтад оруулна. 300 ортой төрөх эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлэг ирэх онд ашиглалтад орно. Орон нутагт царцсан барилгын ажлуудыг дуусгаж энэ жил бүтээн байгуулалтын олз омогтой жил болж байна"” гэлээ.

 


Иргэд сонгосон асартаа зочилж, үнэгүй үзлэг хийлгэх, оношлуулах, зөвлөгөө авах, даралтаа хэмжүүлэх, эрүүл мэндийн гарын авлага авах зэргээр төрөл бүрийн үйлчилгээг газар дээрээс нь шуурхай авч буйдаа сэтгэл хангалуун байна.

Мөн иргэдэд зөв хооллолтын талаарх зөвлөгөө бүхий хоолны орц найрлага, жорыг бодитоор нь тайлбарлан танилцуулах асар, банктай хамтарч, эрүүл мэндийн даатгалыг газар дээр нь төлөх үйлчилгээ, шилэн хорго дахь хавдар өвчний бодит жишээнүүд, хавдраас урьдчилан сэргийлэх эд, эсийн шинжилгээг өндөр түвшинд хийдэг шинэ аппарат, бамбайн голомтыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний шинэ технологи нэвтэрсэн талаарх мэдээлэл олон хүний сонирхлыг татаж байв.

Иргэдийн сэтгэгдлийг сонсоход 45 настай Мөнхжин “Би эрүүл мэндийн даатгалаа гурван сар төлөөгүй тасалчихсан байсан. Хувиараа 38400 төгрөг төлдөг. Одоо нөхөж төлөөд, эмийн жороор хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой боллоо” гэсэн бол 66 настай Насаа “Эмээ нь бамбайн хордлоготой. Энэ жилээс улсын нэгдүгээр эмнэлэгт бамбайн хоргүй зангилааг түлэх эмчилгээ нэвтэрснийг өнөөдөр мэдэж авлаа. Эмчээс зөвлөгөө авахад, дахин шинжилгээ өгч, харьяалал харгалзахгүй үзүүлж болно гэсэн” гэв.

 


Даралт үзэх, хараа шалгахаас эхлээд төрөл бүрийн үзлэг, шинжилгээ хийх үйлчилгээ бүхий энэхүү өдөрлөгт эрүүл мэндийн байгууллагууд мэндчилгээ дэвшүүлж, танилцуулга сурталчилгаа, флаш моб бүжиг, асуулт, хариулт, хөгжөөнт тоглоом зэрэг сонирхолтой хөтөлбөр багтжээ. Өдөрлөг 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top