Эрүүл мэндийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг” өчигдөр /2019.09.18/ Сүхбаатарын талбайд боллоо.
Эрүүл мэндийн яамны болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяаны байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан таниулах, нэвтрүүлсэн шинэ техник, технологио танилцуулах, зөвлөгөө, тусламж өгөх, үзлэг, оношилгоо хийх зэрэг үйлчилгээ үзүүлэв.
Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улс Тогтвортой хөгжлийг хангах тунхаглалд нэгдэж, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-ыг батлан, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78 хүрэх зорилт дэвшүүлсэн билээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 90 мянган иргэн B, C вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдан, 3700 гаруй иргэн баталгаажуулах шинжилгээг хийлгэж, С вирусийн эсрэг эмчилгээнд 7000 гаруй, B вирусийн эмчилгээнд 5665 иргэн хамрагдаж байна. Мөн бүтээн байгуулалтын хувьд Түлэнхийн төвийг Кувейтийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ жил ашиглалтад оруулна. 300 ортой төрөх эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой, жишиг эмнэлэг ирэх онд ашиглалтад орно. Мөн Засгийн газар, Люксембургийн Их Гүнт улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Зүрх судасны үндэсний төв барихаар боллоо. Монгол Улс төсвийн хөрөнгөөр сүүлийн дөрвөн жилд 280 гаруй тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт оруулж, 121 эрүүл мэндийн барилгыг эхлүүлж, 87 эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулсан” гэлээ. Мөн хүүхдийн өвчний гол шалтгаан болсон шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд - Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хоёроос 12 насны хүүхдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үйлчилгээнд 80 гаруй мянган хүүхэд хамрагдаад буй ажээ.
Иргэд, даатгалаа газар дээр нь төлж, эмийн жороор хөнгөлөлттэй үйлчлүүлэв
Иргэд сонгосон асартаа зочилж, үнэгүй үзлэг хийлгэх, оношлуулах, зөвлөгөө авах, даралтаа хэмжүүлэх, эрүүл мэндийн гарын авлага авах зэргээр төрөл бүрийн үйлчилгээг газар дээрээс нь шуурхай авч буйдаа сэтгэл хангалуун байлаа. Эрүүл мэндийн даатгалыг газар дээр нь төлөх үйлчилгээ хөл ихтэй байв.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Энхтуяа “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг Улаанбаатар банк, Төрийн банк газар дээр нь авч үйлчилж байна. Иргэд сайн дураар 38400 төгрөгийн даатгал төлсөн бол жилдээ хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас авч болно. Урьдчилан сэргийлэх үзлэг, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдах боломжтой бөгөөд өнөөдөр нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, даатгалд хамрагдсан иргэд өрхийн эмчээрээ дамжуулан олгосон жороор хөнгөлөлтэй эмийн сангаар үйлчлүүлэх боломжтой” гэлээ.
Эд, эсийн шинжилгээг 100 хувь оношилдог болжээ
Эрүүл мэндийн салбарт олон дэвшилтэт арга, технологи нэвтэрснийг дурдвал элэгний хавдрыг дүрсийн хяналт дор түлэх эмчилгээ, тархины үхжилттэй донороос элэг , бөөр шилжүүлэн суулгах, нүдний арын зайн торлог, шилэнцрийн мэс засал, эрүү нүүрний гажиг заслын нөхөн сэргээх мэс засал, мөчдийн богиносолтыг хөнөөл багатай аргаар 13 см-аар сунгах мэс засал гээд эмчилгээний үр дүн, эрүүл мэндийн салбарт ахицтай байна. Мөн Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг байгуулан ашиглалтад оруулж, оношилгоо, эмчилгээ сайжирснаар гадаадад эмчилгээ хийлгэхээр зорьж буй иргэдийн тоог бууруулна хэмээн Эрүүл мэндийн сайд Л.Бямбасүрэн хэлсэн юм.
Энэ жилээс Cisco-SX20 зайн анагаах ухааны төхөөрөмж, NanoZoomer-SQ, Vision Tevh зайн оношилгооны төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологи Эмгэг судлалын үндэсний төвд нэвтэрч эхэлжээ. Тус төвд улсын бүх эмнэлэг болон дүүрэг, хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс эд болон эсийн шинжилгээ ирдэг аж. Эрүүл мэндийн харьяа Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлаач эмч О.Сарандэлгэр “Манай төв Герман, Солонгос, Япон зэрэг орноос оношны зөвлөгөө авч, улс эх орондоо 100 хувь үнэн зөв оношны баталгааг гаргадаг болсныг иргэд тэр бүр мэдэхгүй байж магадгүй. Тиймээс гадаад руу өндөр өртөгтэй шинжилгээнд их явдаг. Иргэд манай төвд даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, үнэгүй шинжилгээгээ хийлгэж болно.
Дурангийн оношилгоо тав хоногт, мэс заслын шинжилгээг долоо хоногийн дотор гаргадаг. Хувийн эмнэлгээр дамжиж ирсэн шинжилгээний төлбөр нь эсийн шинжилгээ 20 мянга, эдийн шинжилгээ 23 мянга, мэс заслын шинжилгээг 30 мянган төгрөгөөр хийдэг.“ гэлээ.
Бамбайн хоргүй зангилааг түлэх эмчилгээний технологи нэвтрүүлэв
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистик мэдээгээр 10 хүн тутмын гурав нь бамбайн өөрчлөлтэй гэсэн судалгаа бий. Бамбай булчирхай хүний уураг тархины үйл ажиллагаа, хөгжил бойжилтод хамгийн гол үүрэг гүйцэтгэж, гормон ялгаруулж байдаг, хүнд байх ёстой булчирхай. Бамбайн булчирхайн үйл ажиллагаа нь ихсэх, багасах нь иод дутах, илүүдэх, агаарын бохирдол, хүнд металлын хордлого, уул уурхайн орчин, цацраг идэвхт бодис зэрэг нөлөөлдөг аж. Бамбайн хоргүй зангилааг түлэх шинэ технологи нэвтрүүлээд буй Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч, анагаах ухааны доктор Д.Даваасүрэн “Бамбайн дутагдалд орсон хүнд өтгөн хатах, арьс хуурайших, ой санамж алдагдах, юм мартах, хөөнгөтөж хавагнах шинж тэмдэг илэрдэг бол эсрэгээрээ бамбайн хордлого буюу илүүдэхэд зүрх дэлсэх, салгалж чичрэх, хөлрөх шинж тэмдэг илэрнэ. Цусаар биохимийн шинжилгээгээр илэрдэг энэ өвчин нь зангилаа үүсгэдэг тул амьсгал боогдох талтай. Зангилааны хортой, хоргүйг шинжлээд мэс засал хийх үү, түлэх аргаар эмчлэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Бамбайн хордлогын үед иодын хэрэгцээг багасгах, далайн байцаа, далайн замаг, иод агуулсан витаминаас татгалзах хэрэгтэй. Гам барьж, эмчилгээ хийлгэвэл дор хаяж хоёроос гурван жилийн дотор бүрэн эдгэдэг өвчин” гэж мэдээлэл, зөвлөгөө өглөө. Нэмж дуулгахад Улсын нэгдүгээр төв эмнэлэгт харьяалал харгалзахгүй үзүүлж болох бөгөөд бамбайн голомтыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ нь 350 мянган төгрөг ба эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд 70 хувийг нь хөнгөлнө.
Сэтгэгдэл ( 0 )