Нийслэл хот 1,5 сая хүн амтай. Нийслэлд ойролцоогоор 1300 гаруй эмийн сан, эм ханган нийлүүлэх төв үйл ажиллагаагаа явуулдаг байна. Нэг гудамжинд дунджаар 4-5 "Эмийн сан" гэсэн хаяг байхтай бид таардаг. Энэ нь хотын хаана ч харагддаг ерөнхий дүр зураг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын даргын баталсан “Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай” 02-01/112 тоот төлөвлөгөөт хяналтын шалгалтын удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 105 байгууллага зарлагдсанаас 99 байгууллага хамрагджээ. Хяналт, шалгалтын үр дүнг өнөөдөр /2019.09.19/ НМХГ-ын байранд танилцууллаа.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 218 заалт бүхий 38 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 22 хуулийн этгээдэд 12.600.000 төгрөг, хоёр хүнд 100.000 төгрөгийн шийтгэл ногдуулж, 1.024.000 төгрөгийн хууль бус орлогыг улсын орлогод нөхөн төлүүлсэн байна.
Тухайлбал, стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй “Эл Би Бэбис” ХХК-ийн нэгдүгээр зэрэглэлийн “Бүжифарм” эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлж, эмийн сангийн зэрэглэлийг 2-р зэрэглэл болгон бууруулж, тусгай зөвшөөрөлд тусгуулжээ.
Ариутгал, халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллагаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан “Ананас” ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэн, зөрчлийг арилгуулсан.
Мөн үйл ажиллагаа явуулах ажлын байргүй, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд байгаагүй шалтгаанаар “Закира” ХХК-ийн эмийн сан, "Хүрмэн" /БЗД дэх салбар, "Ааг фарм"/, “Бажа Азиа Монголиа” ХХК-ийн “Баянсонгио” ХХК, “Түвшин Орд” ХХК-ийн эмийн сангууд, “Интимейт” ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ, НЭМГ-т газарт хүргүүлсэн байна.
Ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, усны хангамжаас шалтгаалан эм найруулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа СХД-ийн “Монос Улаанбаатар” ХХК, “Тавин ус” ХХК-ийн эмийн сан, мэргэжлийн хүн хүчин дутагдалтай БГД-ийн “Азифарм” ХХК-ийн Бичил эмийн сан, эм найруулах шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдаагүй БЗД-ийн “Оригмаг” эмийн сангуудын зэрэглэлийг буруулах саналыг НЭМГ-т хүргүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )