Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгасан.
Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллах гэрээг эргэж харах шаардлагатай байгааг онцолсон. Тодруулбал, тэрбээр “Улаанбаатар смарт карт” компанийн бүх систем, хяналт, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг долоо хоногийн дотор хотын холбогдох байгууллагууд, Санхүү, төрийн сангийн хэлтэс, нягтлан бодох бүртгэл, аудит, хяналт, шинжилгээний үнэлгээний газар болон улаанбаатарчуудын өмнө нээлттэй болгож өгөх хугацаатай үүрэг даалгавар өг. “Улаанбаатар Смарт карт” компанийн гүйцэтгэлд хяналтаа тавьж, оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Танайх системээ бүрэн хяналтадаа авч, “Улаанбаатар смарт карт”-ын гэрээ хэлэлцээрийг цуцал. Хөндлөнгийн нэг компани оруулчихаад мөнгөө хумслуулаад байна” хэмээсэн юм.
Харин “Улаанбаатар смарт карт” компанийн хувьд гэрээний хугацаа дуусаагүй, хөрөнгө оруулалтаа нөхөж аваагүй тохиолдолд гэрээг шууд цуцлах боломжгүй. Гэрээг цуцалсан тохиолдолд шүүхэд хандана гэдэг байр суурийг илэрхийлээд байна.
Дээрх асуудалтай холбоотойгоор хоёр талын байр суурийг сонслоо. “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэтэй холбогдоход дараах мэдээллийг өглөө.
-Хотын дарга өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн тээврийн газар ажиллахдаа танай компанийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Хэвлэл мэдээллийн байгууллагаар ийм мэдээлэл гарснаас манайд бичгээр ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна.
-Нийслэлийн тээврийн үйлчилгээний газраас танай компанийн смарт картын орлого, зарлагад хяналтаа муу тавьж байна гэдэг асуудлыг тавьсан шүү дээ?
-Нийслэлийн Засаг дарга яагаад ийм зүйл ярьсныг мэдэхгүй байна. Буруу ойлгосон, ташаа мэдээлэл очсон байхыг үгүйсгэхгүй. Бид Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын санхүүд төхөөрөмжийн цахим төлбөрийн IP кодоо өгсөн байгаа. Тэгэхээр Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өдөрт автобуснуудад хэчнээн төгрөгийн орлого орж ирж байна гэдгийг автобус болон чиглэл тус бүрээр харах, хянах боломжтой гэсэн үг. Үүгээр дамжуулаад манай компанид цахим картаар орж ирсэн нийт мөнгөний хэчнээн төгрөгөөр нь иргэд тухайн өдөр зорчсон бэ гэдэг мэдээ гарна шүү дээ. Тэгээд автобус компаниуд нэг өдөр хэчнээн төгрөгийн орлого олсноо харж болдог. Тэр мэдээллээ автобус компаниуд нэгтгээд Нийслэлийн тээврийн газарт мэдээгээ өгдөг. Тэгэхээр Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын санхүү нь мэдээллийг тулгаж үзээд “Энэ мөнгийг автобус компаниудад шилжүүлж болно” гэсэн зөвшөөрөл өгдөг. Тэгэхэд нь бид автобус компаниудад өөрийнх нь орлогыг нь шилжүүлдэг. Бүгд ингэж явдаг.
-Танай компанийн бүх систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг ил болгох үүргийг Нийслэлийн тээврийн газарт өгсөн байдаг?
-Бид өөрийн сайтдаа өдөр бүрийн орлогын мэдээ, санхүүгийн тайлан мэдээллийг ил тод болгохоор ажиллаж байна. Маргаашнаас /өнөөдөр/ мэдээлэл орчихно. Манай компани дотооддоо хуралдаад ийм шийдвэр гаргалаа. Уг нь автобус компаниуд картаар дамжуулаад өдөр бүрийнхээ орлогыг хянаж байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээний газар төхөөрөмжийн IP кодоор нэвтрээд хянаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас аж ахуй нэгжүүдийн автобуснууд өдөрт хэчнээн цаг тээврийн үйлчилгээ хийж байгааг хянаад явж байдаг. Зөрүү гарвал манай систем дээр тулгадаг. Манай компаниас автобус компаниудын цагийг хянах кодыг Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст өгсөн. Мэргэжилтнүүд нь хянаад явдаг. Тэгэхээр хотын даргад буруу мэдээлэл очсон байна. Хаанаас ямар мэдээлэл очсоныг мэдэхгүй юм гэв.
Харин эл асуудалд Нийслэлийн нийтийн тээвэр, үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар “Өнгөрсөн хоногт хэдэн хүн зорчсон хэдэн төгрөгийн орлого орлоо гэсэн мэдээлэл Нийтийн тээвэр, үйлчилгээний газарт ирдэг. Гэвч уг мэдээлэл үнэн зөв эсэхийг хянах админ эрх БНСУ-ын компанийн мэдэлд байдаг. Нийслэлийн нийтийн тээврийн бүх дата мэдээллийг Өмнөд Солонгосын компани эзэмшиж байна гэсэн үг. Нийслэлийн Засаг даргын хувьд “Улаанбаатар смарт карт” компанийн гэрээг шууд цуцал гэж хэлээгүй, харин мастер гэрээг дүгнэх ажлыг хурдан шуурхай хийж гүйцэтгэ гэсэн. Тэрнээс биш нэгэнт нэвтрүүлсэн ажлыг зогсоохгүй үргэлжлүүлнэ. Мастер гэрээг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч хоёр компанийн үйл ажиллагаа цаашид хэрхэн явах талаар тодорхой мэдээлэл гарна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Улаанбаатар смарт карт” ХХК-иас ийм тайлбар өглөө. Нийтийн тээврийн төлбөрийн системийг олон улсын жишигт нийцүүлэхээр 2015 онд “Улаанбаатар смарт карт”-ыг нэвтрүүлсэн байдаг. Тендерт БНСУ-ын “Кореа Смарт Карт Корпораци” компанийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт” компани шалгарч, үйл ажиллагаа явуулж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )