Эрүүл мэндийн байгууллагууд түүхий нүүрснээс татгалзахыг дэмжиж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс өнөөдөр /2019.09.26/ Орчны эрүүл мэндийн өдрөөр хүлэмжийн хийг багасгахын тулд нүүрсний хэрэглээг бүгд нийтээр таслан зогсооё сэдвээр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамнаас Засгийн газраас түүхий нүүрсийг хориглосон шийдвэрийг дэмжин ажиллаж, богино хугацааны бодлогоор эхний ээлжинд сайжруулсан түлшийг хэрэглэж агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад иргэн бүр оролцохыг уриалсан юм.

Орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд нь дэлхийн орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг мөн" уриан дор өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Орчны эрүүл мэндийн холбооноос шийдвэрлэжээ. Энэхүү уриа нь нийгэмд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг байгаль орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зүгээс таниулан тайлбарлах, бэрхшээлийг хэрхэн шийдэх зэрэг ач холбогдолтой юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал гэж үздэг бөгөөд үүний улмаас сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.8 градусаар, далайн түвшин 1720 см нэмэгдсэн бол Монгол Улсад сүүлийн 70 жилд агаарын температур 2.1 градусаар буюу дэлхийн дунджаас даруй хоёр дахин их байна. Манай орон нүүрсний хэрэглээний улмаас агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хүн ардын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд харанга дэлдэж байгаа билээ.

Дэлхийн жишгээр сэргээгдэх эрчим хүч, цэвэр нүүрсний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь иргэн бүрийн нийгмийн ухамсар болоод оролцоо чухал байгаа талаар өнөөдрийн өдөрлөгөөр онцоллоо. Орчны эрүүл мэндийн албанаас түүхий нүүрс хэрэглэх нь хүний эрүүл мэнд, агаар, хөрс, усанд хор хөнөөлтэй талаарх суртал ухуулга бүхий гарын авлага болон агаарын бохирдлын шалтгаан болсон түүхий нүүрсний сөрөг нөлөө, хор хохирлыг харуулсан таван төрлийн видео бичлэгийг нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бүх хороодын өрхийн эмнэлгээр тараажээ. Мөн эмч мэргэжилтнүүд иргэдэд зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэж байгаа талаар Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Сувд хэллээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top