Эмч хүний гавьяаг мөнхөлсөн анхны хөшөө сүндэрлэн бослоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн өмнө эмчийн хөшөө сүндэрлэн бослоо. Нээлтэд Анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, доктор, профессор Ж.Цолмон тэргүүтэй анагаах ухааны салбарын үе үеийн зүтгэлтнүүд, гавьяатнууд ирж хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Боржин чулуун суурьтай, хүрэл чулуун хөшөөний өндөр нь газраасаа гурван метр 70 см, эмэгтэйн өндөр хоёр метр юм.

 

Төрийн шагналт Ц.Амгалан хөшөөний загварыг зохион бүтээж гардан ажилласан юм. Тэрбээр хөшөөний бэлгэдэл, утга учрын талаар тайлбарлахдаа "Эмч хүний хөшөөг тодорхой нэгэн хүнийг гэлгүй эмч хүний шинж чанар, намба төрх, эелдэг зан, хичээнгүй зүтгэлийг харуулсан төрх байдлаар, монгол бүсгүйн дүрээр төлөөлүүлж гаргасан. Уран барималын нэгэн арга байдаг юм. Эмчийн гар дээр байгаа шонхор шувууны толгой болон хадаг бол ирээдүй рүү өгч байгаа захидал буюу оньсого юм. Хэдэн жилийн дараа ирээдүйн хүмүүс ойлгож магадгүй" гэсэн юм.

 

Уг хөшөө нь олон түмний сэтгэлийн хандиваар бүтсэн бөгөөд нийт 89 сая төгрөгийн өртгөөр зургаан сарын турш хийж бүтээжээ. Ургах наран зүг хандан баруун гараа сунган шонхор шувууны толгой бүхий хадаг намируулан зогсоо цагаан халаадтай тангараг өргөсөн эмч хүний нуруу цэх, хараа хурц бөгөөд энэрэнгүй зөөлөн төрхийг биеийн хэлэмжээрээ илэрхийлжээ.

Доктор, профессор Ж.Цолмон нээлтэнд хэлсэн үгэндээ " Монгол хүн бол эх орны үнэт зүйл. Анагаахын шинжлэх ухааны сургууль 77 жилийн түүхэнд 150 гаруй мянган эмчийг төрүүлсэн түүхтэй. Эрдэнэт хүний алтан амины төлөө цаг наргүй зүтгэдэг эмч хүний хөшөө байдаггүй байсан бол анх удаа эмч хүний гавъяа зүтгэлийг мөнхөлсөн хөшөө ийнхүү сүндэрлэн бослоо. Тангараг өргөсөн залуу эмч нарт бахархал урам өгөх, эх оронч, хүнлэг хүн болох ёс зүйг ухааруулах, үе үеийн эмч нарын нөр их хөдөлмөр, гавьяаг алдаршуулж чадлаа" гэж онцолсон юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (139.5.217.66) 2019 оны 09 сарын 26

сайхан хөшөө байна эмч нарын алдрыг магтан дуулья

0  |  0
Top