Эрүүл мэндийн салбарын 2020-2021 оны хамтын хэлэлцээ эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 10 сарын 05

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭ/-ны саналаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны үндсэн болон нэмэлт хэлэлцээрийг дүгнэж, 2020-2021 оны хэлэлцээрийг байгуулах саналыг ЭМЯ, МХХЭМБНХ-нд хүргүүлэх талуудын ахлагчдын зөвшилцлөөр хэлэлцээ өчигдөр /2019.10.04/ боллоо. 


МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар "Хэлэлцээрт эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөр, цалин хөлс, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг 7 бүлэг 80 заалт бүхий хэлэлцээрийн төслийг МЭМАҮЭ-ийн холбооноос талуудад хүргүүлж, энэ сарын 2-нд УИХ, Засгийн газарт хүргүүлсэн мэдэгдэлдээ хатуу байр суурьтай байгааг илэрхийлж, илүү ажил хэрэгчээр шуурхай хамтарч ажиллаж, үр дүнд хүрэх шаардлагатай"-г илэрхийлж байлаа. 
 

Мөн өмнөх хэлэлцээрийг нэгтгэн дүгнэж, шинэ хэлэлцээрийн төслийг дараагийн хэлэлцээнд бэлтгэх техникийн ажлын хэсгийг тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, энэ сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Мөн аравдугаар сарын 25, 26-нд болох "МОНГОЛЫН ЭМЧ НАРЫН VI ИХ ХУРАЛ"-аас гарах саналыг хэлэлцээрт тусгаж, аравдугаар сард багтаан хэлэлцээрийг эцэслэн байгуулахаар талууд тохиролцлоо.

Хэлэлцээрт МЭМАҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийн ахлагчаар Холбооны дарга Б.Мягмар, нарийн бичгээр дэд дарга Ч.Нарантуяа, гишүүдэд ЧДЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Х.Ариунаа, БГДЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Оюунбилэг, НӨЭМТ-үүдийн ҮЭ-ийн хорооны дарга их эмч Ч.Өнөрсайхан, УIТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Л.Энхсайхан, ЭСҮТ-ийнҮЭ-ийн хорооны дарга, лаборант Г.Энхжаргал, СЭМҮТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Ө.Анхболд, УIIIТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Ш.Өнөржаргал нар ажиллав.

ЭМЯ-ны төлөөлөгчдийн ахлагчаар ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, МХХЭМБНХ-ны төлөөлөгчдийн ахлагчаар гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар томилогдон тус бүр есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top