Б.Ундралбат: “CrossFit Games”-т оролцох зорилготой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

Арван хэдэн жилийн өмнө спортын ертөнцөд кроссфитийн талаар мэддэг хүн ховор байлаа. Тэгвэл одоо жирийн хүмүүсээс эхлээд мэргэжлийн тамирчид ч сонирхож, хичээллэдэг болжээ.

Кроссфит гэдэг нь спортын олон төрлийн дасгалуудыг ашигласан, тодорхой хэмнэл, давтамжтай, эрчимжүүлсэн, өндөр ачаалалтай дасгалын цогц программ юм. Кроссфит хэмээх тун сонирхолтой, маш эрчимтэй дэлхий дахинд хөгжиж буй спортын төрөл Монголд маань түүхээ эхэлж байна.

Кроссфитийн Монголын анхны албан ёсны салбар “976 CrossFit” есдүгээр сарын 28-нд нээлтээ хийлээ. Бид тус клубийн ахлах дасгалжуулагч Б.Ундралбаттай уулзаж, кроссфитийн спортын талаар ярилцсан юм.  

- Ярилцлагаа кроссфит гэж юу вэ гэсэн асуултаар эхэлье гэж бодож байна.

- Кроссфит бол хөгжөөд хориод жил болж байгаа шинэхэн спорт. Бусад спортоос ялгаатай нь өдөр бүр байнга өөрчлөгддөг олон төрлийн хөдөлгөөнийг өндөр ачааллын дунд хийж гүйцэтгэдэг программчлал зохиодгоороо онцлогтой.  Кроссфитийн тамирчдыг “алтан дундаж” буюу бүх спортын холимгоос дундаж чадамжтай тамирчин гэж хэлж болно. Хамгийн тод жишээ гэвэл бид олимпын хүндийн өргөлтийн дасгалуудыг өдөр бүр хийдэг. Мэргэжлийн гимнастикчдын техникийг бас хийнэ. Энэ бол огт өөр хоёр спорт. Нэг нь богино хугацаанд маш хүнд жинг нэг удаа өргөх зорилготой, нөгөөх нь удаан хугацаанд биеийн уян хатан чадвар, тэсвэр хатуужлаа гаргадаг спорт. Энэ хоёрыг нийлүүлээд өндөр ачааллын дунд тусгай программаар хийхээр хүндийг ч өргөнө, гимнастикаа ч чаддаг, холын зайд ч гүйх чадвартай, бүх төрөлд дунджаас дээгүүр түвшний чадамжтай хүн гарч ирнэ гэсэн үг.

- Нэг хүн энэ олон спортын ачааллыг даах боломж хэр байдаг юм бол?

- Тиймээ, маш олон спорт бий. Сүүлийн үед буудлагын спорт хүртэл орж ирлээ. Кроссфитийг анх зохиосон Грэг Глассман бол өөрөө гимнастикийн тамирчин хүн, бусад гимнастикчдаасаа яаж илүү болох вэ гэж байнга боддог байсан. Хажуугийн танхимд нь хүндийн өргөлтийн тамирчид бэлтгэл хийдэг байжээ. Грэг тэдэнтэй хамт хүчний дасгал хийгээд буцаад гимнастиктаа иртэл бусдаасаа илүү болсон байлаа. Грэг үүнийгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаатай холбон, шинжлэх ухааны түвшинд хөгжүүлсэн. Аливаа спортыг онцгой болгож байгаа гол чадварыг аваад өөр спортод нэвтрүүлэхэд  нөгөө спорт илүү үр дүнтэй чадамжтай болдог. Жишээ нь, олимпын хүндийн  өргөлтийн хүч чадлыг гимнастикийн уян хатан чадвар, холын зайн гүйлтийн тамирчны тэсвэр хатуужилтай холино гэсэн үг. Хүндийн өргөлт, гимнастик, холын зайн гүйлт, кроссфитийн тамирчдыг энэ дөрвөн спортоор өрсөлдүүлэхэд кроссфитийн тамирчин бүх төрлөөр хоёрдугаар байрт явж байгаад нийлбэр дүнгээр түрүүлнэ. Кроссфитийг спорт гэхээс гадна мөн эрүүл амьдралын хэв маяг гэж үздэг. Хамгийн түрүүнд зөв хооллолт. Ингэснээр зөв энерги ялгаруулна. Дараа нь ажиллах чадвар. Зүрх судасны үйл ажиллагаа, тэсвэртэй байх ёстой. Тэгээд гимнастик буюу биеэ зөв удирдаж, хөдөлгөөний эв зүйтэй байх. Дараа нь хүндийн өргөлт. Энэ гурав дээр бага багаар чадамжуудаа ахиулаад байхаар хүний ажиллах чадвар, ачаалал даах чадвар өсөөд байна гэсэн үг. 

- АНУын бейсболын “Майами” баг, Данийн Эзэн хааны гварди, гал команд, Онцгой байдлын албан хаагчид кроссфитийн дасгал хийдэг гэж уншсан юм байна.  

- Тусгай алба, гал сөнөөгчид, цэрэг цагдаа, аврагч нар байнгын бэлэн байдалд байх ёстой. Тэд нарт манай дасгал гүйцэтгэл, саадыг давах чадвар суулгаж байгаа юм. Ерөөд оны үед триатлоны дэлхийн аваргыг дэлхийн хамгийн шилдэг тамирчин гэж зарлаж байсан. Тэгвэл кроссфит үүнийг даваад гарч ирж байгаа. Триатлоны тамирчин бол урт хугацааны тэсвэр, чадамжтай л хүн, түүнээс хүч байхгүй, богино хугацааны тэсрэлт, гимнастикийн чадвар байхгүй, учир дутагдалтай. Харин одоо кроссфитийн “CrossFit Games”т түрүүлсэн тамирчныг дэлхийн хамгийн шилдэг тамирчин гэж бид зарлаж байгаа. Тэгэхээр бусад спортын тамирчид кроссфитийн танхимд бэлтгэл хийж байгаад тэмцээндээ ороход амжилт нь сайжирна гэсэн үг юм. Манайд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тамирчид ирж хичээллэдэг.

- Бүх бэлтгэлийн суурь нь зөв хооллолт гэсэн. Тамирчдадаа хоолны дэглэмийг тогтоож өгдөг үү?

- Кроссфит нь шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурласан бүхэл бүтэн цогц зүйл. Бид хоолны дэглэмийг өөрсдөө зохиодоггүй, бэлэн системийг зааж өгдөг. Блокоор хооллох зарчим гэж бий. 80 кг орчим жинтэй хүн өдөрт 19 блок хоол идэх ёстой. Нэг блок дотор 7 грамм уураг, 9 грамм нүүрс ус, 3 грамм сайн өөх тос гэж заасан байдаг. Энэ 19 блокоо өдөрт таван удаа хэрэглэнэ. Юу идэх нь хамаагүй, өөрөө хоолоо сонгоно, гол нь тэр хоол агуулга нь таарч байх ёстой. Гол зарчим нь мах ид, ногоо ид, самар ид, үр тариа ид, бага зэрэг жимс ид, амтлагч бага хэрэглэ. Тэгээд чихэр огт идэхгүй, боловсруулсан нүүрс ус битгий хэрэглэ гэсэн зарчимтай. 

- Монголд кроссфитийн хөгжил ямар түвшинд байна вэ? Хичээллэж байгаа хүний тоо хэд вэ?

- Манайх албан ёсны зөвшөөрлөө аваад долоо хонож байгаа ч дасгалжуулагч нараа бэлтгэх, заал танхимаа бэлтгэхэд нэг жилийн хугацаа зарцуулсан. Энэ хооронд бэлтгэлд хамрагдсан хүн бараг хоёр мянга байгаа. Идэвхтэй хичээллэж байгаа хүн бол 100 гаруй гишүүн. Гадаадад суралцаж, амьдарч байхдаа кроссфитээр хичээллэдэг байсан хүмүүс эх орондоо ирэхээрээ манайд ирж, бэлтгэл хийдэг.   

- Албан ёсны зөвшөөрөл авахад хэцүү байдаг уу?

- Клуб нээхэд тусгай бэлтгэгдсэн, албан ёсны зөвшөөрөлтэй дасгалжуулагчтай байх ёстой. Бид ОХУ, Хятад, Өмнөд Солонгост болж байгаа семинарт очиж суугаад шалгалтаа өгдөг.

- Нэгдүгээр зэрэг авч байж багшлах эрхтэй болдог гэсэн. Тийм эрхтэй дасгалжуулагч Монголд хэд байгаа вэ?

- Одоогоор Монголд байгаа албан ёсны эрхтэй ганц дасгалжуулагч нь би. Филиппинд амьдардаг “Рокки” Д.Доржнамжил гэдэг монгол залуу бас нэгдүгээр зэргийн багшлах эрхтэй. Гэхдээ тэр манай клубийн зөвлөх, тамирчин гэж явдаг. “Рокки” Филиппинд хичээллээд таван жил болсон, тэндээ жижиг тэмцээнүүдэд бараг бүгдэд нь түрүүлдэг. Манай клуб байгуулагдсанаар “Рокки” Монголын нэрийн өмнөөс “CrossFit Games”д оролцох эрхтэй болж байгаа.  

- “CrossFit Games” наадамд манай тамирчид урьд нь оролцож байсан уу?

- Ороогүй байгаа. “CrossFit Games”д (ДАШТ-д) урьд нь эрэгтэй шилдэг 40, эмэгтэй шилдэг 40, нийт наян тамирчин л оролцдог байсан. Харин 2019 оноос улс орон бүр үндэсний аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулаад эхний хоёр байрны тамирчин урилгаар оролцдог болсон. Энэ нь маш завшаантай хэрэг.

- Улсын аваргаа шалгаруулна гэхээр дотооддоо тэмцээн уралдаан зохион байгуулах нь. Хэзээ анхны тэмцээн болох вэ?

- Аравдугаар сарын 8нд эхлэх 2020 оны урьдчилсан шатны тэмцээнд эндээсээ онлайнаар оролцоно. Бид хоорондоо өрсөлдөж байгаа ч дэлхий даяар бүх тамирчинтай өрсөлдөж байна гэсэн үг. Ингээд тамирчдын чансааг тогтооно.

- Кроссфитээр хичээллэхэд насны хязгаар бий юу? Тамирчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулж, шалгалт авдаг уу?

- Насны хязгаар байхгүй. Найман настай хүүхдээс 80 настай хүн, олимпын тамирчин, өсвөрийн хүүхэд бүгд нэг ангид ижил дасгал хийдэг. Гэхдээ яг ижил бас биш, жишээ нь турник дээр суниах дасгалыг 45 янзаар хийлгэдэг. Хялбаршуулж, хүндрүүлж болно. Таван хүн нэг ангид байлаа гэхэд бүгд ижил дасгал хийж байгаа мэт боловч өөр өөр хувилбараар хийгээд өөртөө таарсан ачаалал аваад гардаг. Кроссфит нь байгалиас бидэнд заяасан, өдөр тутам хийдэг хөдөлгөөнийг программчлаад хийлгэж байгаа дасгал. 5000 жилийн өмнө үүссэн гэж ч ярьдаг. Яагаад гэхээр агуйд амьдарч байгаа хүн чулуу бариад ангийн араас хөөгөөд, гүйцээд, дараа нь ангаа агуйдаа чирч ирдэгтэй ижил хөдөлгөөн.  

- Та өөрөө анх кроссфитийг сонирхож эхлэв, Яагаад Монголд хөгжүүлье гэж бодов?

- Яг сонирхоод судалсан нь гэх юм бол хоёр жилийн өмнөөс. Нэг хэсэг гэртээ суугаад, хөдөлгөөн дутагдаж, жин нэмээд ирсэн. Ингээд интернэтээр гэртээ хийх боломжтой дасгал судалж, хийж эхэлсэн. Энэ маань сүүлдээ кроссфит гэдэг спорттой танилцуулсан юм. Хичээллээд судлаад явахад үнэхээр сайхан санагдсан. Тэгээд Монголд маань энэ спорт хөгжих ёстой гэж шийдсэн.

- Нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сертификат авахад хэр хэцүү вэ?

- Хэлний асуудал хэцүү. Гарын авлага нь монгол хэл дээр байхгүй. Зохиолын ном уншаад ойлгохоос огт өөр хүний биеийн хэсгүүд, булчин, эд эс, шөрмөс холбоос гээд анатомийн хүнд хэцүү нэр томьёо ихтэй. Нэгдүгээр зэргийн дасгалжуулагч болсноороо би албан ёсны эрхтэй клуб нээж байгаа юм. Энэ эрхтэй танхимд бусад багш нар нэгдүгээр зэргийн багшаар удирдуулаад багшилж болдог. Цаашдаа Монголын нэгдүгээр зэрэгтэй багш нарын тоог нэмэх, би өөрөө хоёрдугаар зэрэг авах гэсэн ажлууд хийнэ.

- Кроссфит нь юу ч хийхэд бэлэн тамирчин хүн гаргах нь гэж ойлгогдоод байна. Жирийн хүн хичээллэхээс сүрдмээр сонсогдож байна.

- Гарч байгаа мэдээллээр нэг их айхтар улсууд үсэрч харайгаад байгаа юм шиг байдаг. Би дээр хэлсэн найман настай балчраас наян настай буурал хүртэл бүх хүний амьдрал дээр хийдэг хөдөлгөөнүүдийг программчилсан. Бид эрүүл мэндийн шалгалт авч, тест хийлгээд дасгалуудыг нь оноож өгнө. Фитнессээс ялгаатай нь дандаа багаар, хамтдаа хийнэ. Нэг нэгнээ дэмжинэ, хурцална. Багш үргэлж дэргэд, ганцаараа хэзээ ч байхгүй, дандаа хамтдаа. Нэг гэр бүл шиг нэг бэрхшээлийг хамтдаа туулаад гарч байна гэсэн үг. Нэг дасгалыг хамтдаа хөлсөө урсгаад хийхэд гоё мэдрэмж төрдөг. Энэ спортоор хичээллээд хүнд маш их нөөц боломж байдгийг мэдэж авсан. Дэлхий даяар кроссфитийн 15 мянган салбар байдаг. Манайхны хэн нэг нь гадаадад байхдаа дуртай клубтээ очиж хичээллэдэг. Уур амьсгал, тоног төхөөрөмж, хэв маяг яг ижилхэн. Нэг системээр явдаг болохоор асуудал байхгүй. Гэртээ орж байгаа юм шиг л ордог, нөгөө хэд ч сайхан хүлээж авдаг. Манайд ч гэсэн гадаадын жуулчид бэлтгэл хийдэг. Говьд тав хоноод буцах хоорондоо манайд хоёр хоног бэлтгэл хийчхээд харьж байгаа юм.  

- Манай хоёр хөршид хэр хөгжсөн спорт вэ?

- ОХУ, Хятадад олон жил хөгжсөн. Бээжин, Шанхайд олон клуб бий. Энэ хоёр улсад хүндийн өргөлт, гимнастик гэсэн их спортын суурьтай залуучууд олон байдаг. Харин бид хөгжлийнхөө дөнгөж эхлэл дээр явж байна. Гэхдээ бидэнд нэг давуу тал байгаа нь монгол хүний чанар. Юмыг хурдан сурдаг, тууштай нэг юманд зүтгэдэг, тийм болохоор маш хурдан сурах боломжтой. Гол нь энд мэргэжлийн заавар зөвлөгөө байвал сайн хөгжинө.

- Монголын анхны клубийн өмнөө тавьсан зорилго?

- Анх бид албан ёсоор эрх авч, ном журмаар нь явуулах зорилготой байсан. Үүнийгээ биелүүллээ. Цаашдаа энэ спортыг хөгжүүлж, олон тамирчин гаргах, нийтийн биеийн тамир болгох. Тэгээд ойрын жижиг тэмцээнүүдэд эхлээд оролцох, өөрийгөө сорих, дараа нь “CrossFit Games”-т оролцох зорилготой. Залуучууд интернэтээр харж, сонирхож байсан бол ирээд өөрсдийгөө сориод үзээрэй. Боломж нээгдсэн шүү гэж хэлмээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top