Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVI хороонд байрлах “Sunshine Village” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ханджээ.
Дээрх шинж тэмдэг илэрсэн нийт 117 хүн эмнэлэгт хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авсан ба өнөөдрийн байдлаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Ундны усны дээж болон өвчтөнүүдийн шинжилгээнд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрчээ.
“Sunshine Village” хотхоны цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлжээ. Тус хотхоныг төвлөрсөн усан хангамжийн системд холбоогүй бөгөөд энэ нь халдвар гарах шалтгаан болсон байж магадгүй гэж урьдчилсан байдлаар үзэж буй.
Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг “Аюулгүй хоол, хүнсний таван түлхүүр” буюу гараа савандаж угаах, түүхий ус уухгүй байх, хоол хүнсийг гүйцэд болгож идэх, болгосон болон түүхий хүнсийг тус тусад нь байлгах, хүнсийг зохих хэмд хадгалах зарчмыг мөрдөхийг иргэдэд зөвлөж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 0 )