Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий даяар "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Үүнтэй холбогдуулан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн булчирхай судалгааны тасгийн Диабетийн төвөөс "Гэр бүлээ хамгаалцгаая" сэдэвт өдөрлөгийг өчигдөр /2019.11.13/ зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр үйлчлүүлэгчдэд цусны сахар глюкометрээр тодорхойлох, "Omron" аппаратаар ясны сийрэгжилт тодорхойлох, Өндөр, жин, бүсэлхийн тойрог, артерийн даралт үзэх , Хоол зүйч эмчийн зөвлөгөө болон чихрийн шижингийн хүндрэлүүдийн тухай эрүүл мэндийн боловсрол олгох сургалт тус тус зохион байгуулсан юм.
“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг Чихрийн шижингийн олон улсын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 1991 оноос эхлэн жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж эхэлсэн. Харин 2007 оноос эхлэн энэ өдрийг НҮБ-ын ивээл дор зохион байгуулах болжээ.
Манай улсын хувьд 2003 оноос эхлэн тус өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд тус өдрийг "Гэр бүлээ хамгаалцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлээд байна. Чихрийн шижин өвчний тархалт дэлхий нийтэд улам бүр нэмэгдэж байгаатай адил Монгол Улсад ч мөн тархалт жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, сүүлд хийгдсэн олон улсын судалгаагаар дэлхий даяар чихрийн шижин өвчинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд энэ тоо 642 саяд хүрч дэлхийн 11 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байна гэсэн тооцоолол гарсан. Мөн чихрийн шижинтэй 2 хүн тутмын нэг нь оношлогдоогүй, 3 хүн тутмын 2 нь гэр бүлийнхээ чихрийн шижнээр өвдсөн хүнд хэрхэн туслахаа мэдэхгүй байдалтай буй талаар Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )