“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” эхэллээ

2019 оны 11 сарын 18

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулдаг болсон. Энэхүү долоо хоногийн гол зорилго нь нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино.

 

Энэ жилийн дэлхийн 7 хоногийг 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулна. Энэхүү аянд зориулсан хэвлэлийн бага хурлыг 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн яамны А танхимд 11.00 цагт хийнэ. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) –ын төлөөлөл оролцоно.

Антибиотикийг нээж, эмчилгээнд хэрэглэсэн нь орчин үеийн анагаах ухааны чухал ололтуудын нэг байсан боловч байнга хэтрүүлэн эсвэл буруу хэрэглэснээс хүн болон амьтны эрүүл мэндэд тулгамдсан асуудлуудыг үүсгэж, улмаар нян антибиотикт тэсвэртэй болж, эмчилгээ үр дүнгүй болох, эмчилгээний хугацаа уртсах олон аюулыг дагуулж байна.  Иймээс бид анхаарлаа хандуулж, антибиотикийн талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг дэмжих,  тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулахад хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.

Монгол улсын хувьд нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик  эзэлж байна.

Нян эмэнд тэсвэртэй болохоос урьдчилан сэргийлэхэд бид бүгд үүрэг оролцоотой. Үүнд энгийн бөгөөд үр дүнтэй дараах үйлдлүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлбэл “Нянгийн тэсвэржилтийн эрин үеийг сааруулах, цэг тавих”-ад чухал алхам болох төдийгүй “Ирээдүй үе”-дээ хийж буй том хөрөнгө оруулалт болно.  Үүнд:

 

  • Гараа савандаж, тогтмол угаах
  • Аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх
  • Вакцинжуулалтад тогтмол хамрагдах
  • Зөвхөн танд зориулж зөвлөсөн антибиотикийг бусадтай хуваалцахгүй байх
  • Антибиотикийг эмчийн жоргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй байх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хоол, хүнсээ бэлтгэх
  • Өвдсөн тохиолдолд бусад хүмүүстэй ойрхон харилцахаас зайлсхийх
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ус хэрэглэх

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулах, антибиотикийн зохистой хэрэглээний талаар сурталчилгааны багц материалиар хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг хангах, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж антибиотикийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.

 

Хэвлэлийн бага хурлын дараа “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” үйл ажиллагаанд “Ирээдүй таны гарт: Нянгийн тэсвэржилтийн эсрэг тэмцье” уриан дор албаны хүмүүс, сэтгүүлч, оролцогчид хамтдаа “ГИНЖИН ХЭЛХЭЭ” үүсгэн зургаа авахуулж, түгээнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top