“Япон дахь Монголын докторант, судлаачдын эрдэм-шинжилгээний II форум” маргааш буюу арваннэгдүгээр сарын 23-нд Токио хотноо болно.
Уг форумыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Эх орны хөгжилд шинжлэх ухаан” уриан дор явуулах юм.
Форумыг Японд суугаа Монголын Элчин сайдын яам, Япон дахь докторын оюутан, судлаачдын бүлгэм хамтран зохион байгуулж байна. Тус бүлгэм нь 2016 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 200 гаруй докторант, судлаачдыг холбосон албан бус нэгдэл юм.
Форумын гол зорилго нь Япон улсын өнцөг булан бүрт сурч, ажилладаг төрөл бүрийн салбар шинжлэх ухааны залуу судлаачид бие биентэйгээ танилцан, өөрсдийн эрдэм шинжилгээ-судалгааныхаа ажлаас илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр харилцаа холбоогоо тэлэх, шинээр төсөл-судалгаа санаачлах, цаашид хамтран ажиллах боломж бололцоогоо эрэлхийлэхэд чиглэгдэж байна.
Энэ жилийн форум нь “Зочин багшийн илтгэл”, нийгмийн талбарт ажиллаж буй “Төгсөгчдийн илтгэл”, зэрэг цолоо хамгаалахаар суралцаж буй докторантуудын “Постер илтгэл”, салбар дундын “Хамтарсан төслийн илтгэл”, залуу судлаачдын академик амьдралд зайлшгүй тулгардан асуудлыг хөндсөн “Дугуй ширээний хэлэлцүүлэг”, бүтээлээ танилцуулах “Номын булан” гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Зочин багшаар АШУИС-ийн Био-анагаахын сургуулийн профессор Жавын Сарантуяа, Осака их сургуулийн Хэл, соёлын тэнхимийн дэд профессор, монгол судлаач Имаока Рёоко, Австралийн Куртин их сургуулийн Боловсролын сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Довчингийн Сэндэр нар оролцоно.
Өмнөх хоёр жилийн форумыг амжилттай явуулахад Гадаад харилцааны яам, докторантуудаа оролцуулж буй Японы их, дээд сургуулиуд дэмжин тусалж ирсэн бол энэ жилийн хувьд БСШУСЯ (Дээд боловсролын газар), Японд үйл ажиллагаагаа явуулдаг “Нутаг” монгол хэлний дугуйлан,, Нагоя муж дахь ЭРНА ТББ, Осакад бизнес эрхэлдэг Дайхан зэрэг аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )