“Дэвжих” өндөгний талаар ТАШАА МЭДЭЭЛСЭН иргэнийг шалгуулна гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 05

Цахим орчинд хоёр хоногийн өмнөөс хуурамч өндөг худалдаанд гарсан тухай мэдээлэл цацагдаж байна. 

Сошиалд нийтэлсэн видеонд “Дэвжих С1” дардастай өндөгний доторх шар хэсэг чанасны дараа бутрахгүй, бөмбөг шиг ойж байгаа байдал харагдах ба "Өндгийг эхлээд шарж идэхэд мэдэгдэхгүй байсан. Харин чанаж идэхэд өндөгний доторх шар нь бутрахгүй, яг резин  шиг байна. Үнэр нь өндөг шиг үнэртэй. Гэхдээ хуурамч өндөг. Иргэд та бүхэн сэрэмжлээрэй” гэж бичлэг хийсэн хүн ярьсан юм.

Энэ мэдээллийн дор иргэдийн зүгээс “Өндөг импортолж, өөрсдийн дардастай зарж байгаа компанийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь цуцлах ёстой  Хүнсний аюулгүй байдал алдагдлаа” гэсэн шүүмжлэл олонтаа бичжээ.

Үнэхээр ийм асуудалтай өндөг зарагдаж байгаа эсэх, гомдол гаргасан эсэх талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодрууллаа. Тус байгууллагын зүгээс “Мэргэжлийн хяналтын байгууллагад ийм гомдол, мэдээлэл ирээгүй. Гомдлын дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалт явуулах ёстой. Гомдол гаргаагүй тохиолдолд шалгах боломжгүй. Тухайн өндгийг хэзээ худалдаж авсан, хадгалалтын горим, хугацаа дууссан эсэхийг хэрэглэгч сайн шалгах хэрэгтэй” гэдэг мэдээллийг өглөө.

“ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ЭМЭГТЭЙГ ШАЛГУУЛНА”
 

Харин “Дэвжих” өндөгний аж ахуй эрхлэгчтэй бид холбогдоход бичлэгтэй холбоотойгоор дараах тайлбарыг өглөө. Тус аж ахуйн нэгж нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ажээ. 

“Дэвжих” өрхийн аж ахуйн эрхлэгч Н.Буянжаргал “Хоёр хоногийн өмнө нэг эмэгтэй “Дэвжих” өндөг хуурамч юм байна” гэсэн бичлэг тавьсан. Манай тахианы аж ахуй 3000 шувуутай. Хуурамч өндөг үйлдвэрлэх боломжгүй. Өдөрт зургаан хайрцаг гаруй өндөг авдаг. Нэг хайрцгандаа 12 багц өндөг багтдаг. Ийм хэмжээний өндөг үйлдвэрлэдэг өрхийн аж ахуй. Байгалийн орчны үнэлгээ хийлгэж, Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор борлуулалтад сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж, хуурамч мэдээлэл тараасан эмэгтэйг шалгуулна” гэлээ.

Тэрбээр мөн өндөгний аж ахуйн байрнаасаа сошиал сүлжээнд лайв мэдээлэл хийсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.247) 2019 оны 12 сарын 06

Хужаагаас өндөг авхаа болиод удаж байна үхэрүүдээ мэдлэггүй тархиа жаахан цэнэглээч мал царайлах юм

0  |  0
монгол(202.55.188.36) 2019 оны 12 сарын 05

урдаас оруулж ирдэг нь үнэн байх шүү.

0  |  0
zochin (192.82.76.188) 2019 оны 12 сарын 05

tanai neriig huuramchaar ashiglasan huusamch uildel baij boloh um sain shalgaa\n

1  |  0
Top