ЭМЯ-наас БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөс сэрэмжлүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 05-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна.

Дээрх өвчтөнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс байна.

Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна. Мөн Хонг Конг, Сингапур улсад өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.
 

  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
  • Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
  • Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
  • Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top