Өндөр халуурч, хоолой өвдсөн хүүхдүүд ЭРС НЭМЭГДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Энэ өвөл A болон B хүрээний ханиад, томууны вирус хавсарсан хэлбэрээр тархаж, баргийн эмэнд дарагдахгүй, амархан хүндэрч, зовиуртайгаар удаан үргэлжилж байгааг иргэд, эмч нар ярьж байгаа. Тиймээс ханиад, томууны тархалт эрс өсдөг үеэр нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, өчигдрөөс хичээл орж эхэлсэн юм. Сурагчид амарч, олон нийтийн газраар зорчихгүй байснаар ханиад, томууны дэгдэлт багасч, тогтворжих ёстой. Хотын төвд байрладаг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг 14 хоногийн өмнө зориход эл хуль, өвдсөн хүүхдүүд цөөхөн ирж байсан бол өчигдрийн байдлаар нөхцөл байдал хүндэрч эхэлсэн бололтой дүр зураг угтан авлаа. Тус дүүргийн амбулаторийн нэг давхарт хүүхдийн эмчийн өрөөний гадна оочерлож байгаа эцэг, эхчүүдийн нэг С.Булганаас хүүхдэд нь ямар шинж тэмдэг илрээд эмнэлэгт ирсэн талаар асуухад “Өндөр халуурч байна. 39-40 хэм хүрч халуураад нэг хонохоор нь өрхийн эмч дээр ч очиж амжилгүй эмээгээд шууд дүүргийн эмчид үзүүлэхээр ирлээ” гэсэн юм.

Есөн настай болов уу гэмээр охиных нь уруул хатаж омголтоод илт ядарч халуурч байгаа бололтой харагдана. Энэ мэтээр үзлэгийн өрөөний гадна балчир хүүхдээ тэвэрсэн ээж, ахлах ангийн охиноо дагуулсан аав үзүүлэх гэж яарсан хэдий ч дараалал хүлээн сууцгаана. Хүүхдүүдийг үзэж байгаа эмч нь шөнийн ээлжинд ажилласан боловч ачаалал гэнэт нэмэгдсэн учраас үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь энэ.
 

Сурагчдын амралтаар ханиад, томуу буурч тогтворжоод байсан. Амбулаторит өдөрт 25-30 хүүхэд үзүүлж байсан бол өнгөрсөн баасан гарагаас эхлээд амбулаторийн үзлэг, хэвтэн эмчлүүлэх хүүхдүүд нэмэгдсэн. Жишээлбэл, нэгдүгээр сарын 17-нд 55, нэгдүгээр сарын 18-нд 110, нэгдүгээр сарын 19-нд 166 хүүхдэд ханиад, томууны шинж тэмдэг илэрч эмчид үзүүлсэн.


Эмчийн хэлж байгаагаар А, В хүрээний вирус дотроо өөр шинэ вирус тархсан байх өндөр магадлалтай гэнэ. Учир нь өнгөрсөн долоо хоногийн дунд үе хүртэл ханиад, томуу бүр намжсан байжээ. Амбулаторит үзүүлэх хүүхдийн тоо 20 гарч л байсан бол одоо 40-50 болж нэмэгдэж, амралтын өдрүүдэд өвдөж ирсэн хүүхдийн тоо ажлын өдрүүдээс хоёр дахин нэмэгдсэн байлаа. Энэ талаар Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторийн эмчээс тодруулахад “Манай улсад энэ өвөл ханиад, томууны А хүрээний вирус давамгайлж байснаа В хүрээний вирус хавсарч гарч ирээд хоёроос гурван хоног халуураад хатгаа болж хүндэрч байсан. Гэтэл одоо ирж байгаа хүүхдүүдийн шинж тэмдэг нь хоолой өвдөж өндөр халуурч байна. Шинж тэмдгүүд бага зэрэг өөрчлөгдөөд байна гэсэн үг. Бага насны хүүхэд гэлтгүй ерөнхий боловсролын сургуулийн дундаас ахлах ангийн хүүхдүүд хүртэл ханиад хүрээд ирж байна. Тиймээс шууд янз бүрийн антибиотик уухаас илүү халдсан вирусийг тогтоож, тохирох эмийг ууж байж эдгэнэ. Өмнө нь бямба, ням гарагуудад 30-40 хүүхэд л амбулаторид үзүүлдэг байсан. Нийт үзлэгээс 10-20 хувь нь хэвтдэг. Одоо өдөрт дунджаар 15-20 хүүхэд шинээр эмнэлэгт хэвтэж байна. Хатгалгаа болон угсруулж бүгшүүлж ханиалгах, цээж шуугих, өндөр халуурахаас үүдэж татах гээд хүндэрсэн шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хэвтдэг” гэсэн юм. Тус эмнэлэгт нийт 215 орны хүрэлцээ бий. 2019 оны арванхоёрдугаар сард ор ч хүрэлцэхгүй олон хүүхэд эмнэлэгт хэвтэж, ханиад томуугаар өвчилсөн хүүхдийн тоо аюулын харанга дэгдээж мэдэхээр болсон юм. Сурагчдын амралтаар ханиад, томуу буурсан ч саяхнаас Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорих хүүхдүүд эрс нэмэгджээ. Ханиад, томуу хэзээнээс яаж нэмэгдсэн талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхэд, өсвөр үеийн ерөнхий зохицуулагч, хүүхдийн их эмч Б.Рэнцэнхандаас тодруулахад “Сурагчдын амралтаар ханиад, томуу буурч тогтворжоод байсан. Амбулаторит өдөрт 25-30 хүүхэд үзүүлж байсан бол өнгөрсөн баасан гарагаас эхлээд амбулаторийн үзлэг, хэвтэн эмчлүүлэх хүүхдүүд нэмэгдсэн. Жишээлбэл, нэгдүгээр сарын 17-нд 55, нэгдүгээр сарын 18-нд 110, нэгдүгээр сарын 19-нд 166 хүүхдэд ханиад, томууны шинж тэмдэг илэрч эмчид үзүүлсэн. Энэ өвөл А, В хүрээний вирус дангаараа юм уу хосолж гээд янз бүрийн байдлаар тархаж байгаа. Өндөр халуурч, ханиалгаж, хоолой улайж өвдөж, бөөлжиж, огиулах нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн. Одоо манай эмнэлэгт 115 хүүхэд хэвтэж байна” гэлээ.

Хүүхэд тань гэнэт өндөр халуурч, хоолой нь өвдсөн бол нэн түрүүнд ямар арга хэмжээ авах талаар эмчийн зөвлөгөөг хүргэе. Нэгдүгээрт, хүүхдийнхээ халууныг маш сайн бууруулж байж эмнэлэгт очих хэрэгтэй юм. Сүүлийн гурван хоногт илэрсэн ханиадны шинж тэмдэг нь 40 хэм хүртэл халуурч байгаа аж. Өндөр халуурсан үед татах аюултай. Энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн эмнэлэгт ихэвчлэн 40 хэм хүртэл халуурсан хүүхдүүд ирээд тариа хийж халууныг буулгаж байжээ. Хоёрдугаарт, хүүхдэдээ сайн шингэн уулгах хэрэгтэй гэнэ. Тэгж байж хордлогод орохгүйгээр эдгэрэх боломжтой. Гуравдугаарт, шууд антибиотик яаран өгч болохгүй. Өндөр халуурах нь вирусийн гаралтай ханиадны гол шинж тэмдэг учраас заавал эмчид үзүүлж байж антибиотик өгөх эсэхээ шийдэх ёстой. Илэрсэн вируст тохирсон эмээр эмчилгээг эхлүүлэх ёстой аж. Дөрөвдүгээрт, ихэвчлэн хүүхдүүдийн хоолой өвдсөн ирж байгаа учраас дааруулж, хүйтэн юм уулгаж болохгүй юм.

БНХАУ гээд зарим оронд ханиадны вирусийн халдвар гарсан гэдэг утгаараа гадуур сэрэмжлүүлгүүд явж байна. Гэхдээ манай улсад тайван байгаа.

ЭМНЭЛГҮҮДЭД ХАНИАДНЫ ВИРУСИЙГ ИЛРҮҮЛЭХ БАГАЖ ДУТАГДДАГ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс гарч яваад хүүхдээ тэвэрсэн залуутай таарлаа. Түүний хэлж байгаагаар өнгөрсөн жилийн өвөл хүүхэд нь ханиад хүрээд 10 гаруй хоног эдгээгүй зовиурлаад “Интермед” эмнэлэгт очиж байжээ. Тус эмнэлэгт үзүүлэхэд 70 мянган төгрөг байдаг бөгөөд ханиадны вирусны төрлийг тогтоож, тохирсон эмчилгээ зөвлөдөг гэнэ. “Зөвхөн үзүүлэхэд 70 мянган төгрөг учраас шинжилгээний төлбөр, эмчийн бичсэн эмийг авна гэхээр 250-300 мянган төгрөг шаардлагатай болдог юм билээ. Гэхдээ эм уугаад хурдан эдгэж байсан" гэлээ. Жил бүр л вирусийн гаралтай ханиад гарч, зөвлөсөн зарим антибиотикт дарагдахгүй байна гэсэн яриа гардаг. Гэвч яг тэр вирусийг нь тогтоож, илрүүлдэг лаборатори улсын эмнэлгүүдээс зөвхөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд л бий гэдэг. Ядаж дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт ийм төрлийн багаж, тоног төхөөрөмж хангалттай байдаг бол шинэ гарсан ханиадны вирусийг нь цаг алдалгүй илрүүлээд хурдан эмчилж болох санагдлаа.
 


Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс гараад Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиход нөхцөл байдал хэвийн байв. Ханиад, томуу тус эмнэлэгт ямар байгааг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээгээс тодрууллаа. Тэрбээр “Сурагчдын амралтын үеэр ханиад, томууны дэгдэлт буураад хэвийн боллоо. Дөнгөж өчигдрөөс хичээл орж байгаа учраас нэмэгдсэн гэж мэдэгдэх юм байхгүй. 2019 оны арванхоёрдугаар сард 200-300 хүүхэд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн бол одоо амралтын өдрүүдэд 100 орчим хүүхэд үзүүлж байна. Ажлын өдрүүдэд 30-40 хүүхэд эмнэлэгт үзүүлэхээр ирж байна. Харин эмнэлэгт 125 хүүхэд хэвтэж байгаа. Ер нь эмнэлгийн орны тоо 125 байдаг учраас ачаалал хэтрээгүй. БНХАУ гээд зарим оронд ханиадны вирусийн халдвар гарсан гэдэг утгаараа гадуур сэрэмжлүүлгүүд явж байна. Гэхдээ манай улсад тайван байгаа. А, B хүрээний вирус бага хэмжээнд л илэрснээс тийм их байгаагүй. Ханиад, томууны шинэ төрлийн вирус бүртгэгдээгүй” хэмээсэн юм. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт өчигдрийн байдлаар ханиад, томуугаар өвчилсөн хүүхдийн тоо, хэвтэх хүүхдийн тоо өмнөх сараас буурсан гэж тус эмнэлгийн дарга хэлж байгаа юм. Жишээлбэл, зарим тасгийн ор сул шахуу байгаа гэнэ. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дотор болон мэдрэлийн тасагтаа ханиад, томуугаар өвдсөн хүүхдүүдээ хүлээн авч, ачаалал эрс нэмэгдсэн бол өчигдрийн байдлаар ханиад, томуу буурсан байлаа. Ханиад, томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд ядрахгүй, өлсөхгүй байх, эрт унтаж амрах, шингэн юм сайн уухыг эмч зөвлөж байна. Шингэн гэхээр байхуу цай, буцалсан ус, хярам, чацаргана, аньс, нэрс жимсний шүүсийг халуун бүлээнээр нь уувал тохиромжтой гэнэ. Таны хүүхдэд 38.5 хэмээс дээш халуурах, шингэх уух нь багасах, амьсгал олшрох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид үзүүлээрэй.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бяцхан төгөл хотхон(202.126.89.235) 2020 оны 01 сарын 21

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 ба 2 өрөө байрыг 2-3 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

0  |  0
Мм(202.126.89.117) 2020 оны 01 сарын 21

Утааны хордлого л доо.Ихэна нь гэр хороололын хүүхдүүд байна

0  |  0
zochin(124.158.126.160) 2020 оны 01 сарын 21

yadaad naad nasjilttai mashinuudaa tsegtsel hort hii gargaj bgaa autobusnuudaa evderhii porteruudaa zamiin tsagdaad utaa hemjdeg bagaj ogood zogsoo busad ni yahav

0  |  0
zochin(124.158.126.160) 2020 оны 01 сарын 21

yadaad naad nasjilttai mashinuudaa tsegtsel hort hii gargaj bgaa autobusnuudaa evderhii porteruudaa zamiin tsagdaad utaa hemjdeg bagaj ogood zogsoo busad ni yahav

0  |  0
zochin(124.158.126.160) 2020 оны 01 сарын 21

yadaad naad nasjilttai mashinuudaa tsegtsel hort hii gargaj bgaa autobusnuudaa evderhii porteruudaa zamiin tsagdaad utaa hemjdeg bagaj ogood zogsoo busad ni yahav

0  |  0
Зочин(192.82.72.167) 2020 оны 01 сарын 21

Хятадад шинэ вирус тараад байна Эруул мэндийн яам МИАТ ходлоочээ Бусад улсад онгоц галт тэргээр зорчигчдод узлэг хийж байна Халдвар тарсан Хуабэй мужаас суулийн уед хэдэн хун Монголд ирсэн бэ Миат УБТЗ хариу

0  |  0
Top