"Хавдрын эсрэг довтолгоо" хэмээх шинэ төсөл эхлүүлээд буй Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг өвлийн ид ачааллын үеэр 150 ор шинээр нэмж гаргаснаар өвчтөн хүлээн авахад хүндрэл чирэгдэл үүсэхээс сэргийлжээ.
Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах вирус гэх мэт шинэ хүндрэлтэй нөхцөл байдал бий болсоор байгаа. Манай улсад 12 дугаар сараас 2 дугаар сар хүртэлх хугацаанд эмчийн үүд сахиж, эмнэлгийн коридорт хэвтэгсдийн дараалал эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хүчин чадлыг шалгаад авдаг гэхэд болно.
Тэгвэл Баянгол дүүрэг дээрх ачааллыг давах зорилгоор тусгайлсан ахмадын, хүүхдийн гэх мэт нийт 14 эмнэлэг барьж байгуулсан нь дээрх өвчлөлийн ид үеийг түүртэлгүй давахад шууд нөлөөлсөн хэмээн мэдээлж байна. Мөн дүүргийн хүүхдийн эмнэлэг энгийн үед 200 хүүхдийн ор үйлчилгээнд бэлэн байдаг бол өвлийн ачааллын үеэр 150 ор шинээр нэмж гаргаснаар ямар нэгэн хүндрэл чирэгдэл үүсэхээс сэргийлж чадсанаас гадна тухайн дүүрэгт түр оршин сууж байгаа болон ойр бусад дүүргээс зорьж хандсан иргэдийг ч харьяалалгүйгээр хүлээн авч үйлчилжээ.
Тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа цаашид эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаас гадна, иргэдийнхээ хамт эрүүл амьдрах арга, ухаанд суралцах, хавдраас урьдчилан сэргийлэх, гэр бүл үр хүүхдийнхээ өмнө эрүүл байх хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг болох аливаа өвчлөлийг эрт илрүүлэн эмчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )