Дэлхий нийтийг зочирдуулж байгаа уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа буюу коронавирусээр халдварлаж, амиа алдсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилж 17 хүн нас барж, 600 гаруй хүн халдварлаад байгаа юм.
Тэгвэл өчигдөр /2020.01.23/ 11.00 цагийн үед коронавирусээр халдварласан байж болзошгүй хоёр иргэнийг Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарласан. Тэдний нэг нь коронавирусээр халдварласан нь тогтоогдсон тул нутаг буцаасан юм. Харин тэдэнтэй хамт зорчиж явсан 17 иргэнийг мөн тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь өнөөдөр гарна.
Үүнээс гадна Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн олон улсын галт тэрэгнээс буусан 22 иргэнийг тусгаарлаж, коронавирусээр халдварласан эсэхийг тогтоохоор эмнэлгийн байгууллага ажиллаж байна. Албаныхны мэдээлснээр тэдний 18 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн дөрөв нь гадаадын иргэн байна.
Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тухайн галт тэргэнд зорчиж явсан орчуулагч эмэгтэйг тусгаарлаж, бусад иргэнийг шинжилгээнд хамруулсан талаар мэдээлсэн. Түүнчлэн 16 иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдаж, вирусээр халдварлаагүй нь тогтоогдсон тул гэрт буцаасан гэх мэдээллийг өгсөн билээ.
Тэгвэл дэлхийн нийтийг зочирдуулаад байгаа коронавирусээр халдварласан байж болзошгүй иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрч орж ирсэн нь олон нийтийг түгшээж байна. Энэ ч утгаараа өчигдрөөс /2020.01.23/ иргэд тухайн коронавирусийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд амны хаалт, ариутгалын спиртыг их хэмжээгээр худалдаж авч эхэлжээ. Үүнээс болж зарим эмийн санд амны хаалт, ариутгалын спиртын хомсдолд ороод байгаа талаар иргэд ярьж байна.
Сэтгэгдэл ( 0 )