"Өрхийн эмнэлгүүд 150 төгрөгийн маскийг 500 төгрөгөөр зарж байна"

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвартай холбоотойгоор мэргэжилтнүүд гараа угаах болон маск зүүхийг зөвлөөд буй. Эмийн сан болон үйлчилгээний байгууллагуудаар маскийн үнэ нэмэгдсэн байна гэх иргэдийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга С.Цэрэндуламаас тодрууллаа.


-ШӨХТГ-т маск бол спиртийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдээс гомдол, мэдээлэл ирсэн үү?

-Одоогийн байдлаар Хэрэглэгчийн төвөөс маскийн үнэ нэмэгдсэн талаар албан ёсоор гомдол ирээгүй. Хэрэглэгчийн төвийнхөн нэг асуудлаар 3-аас дээш дуудлага ирвэл бидэнд мэдэгддэг.

-Дуудлага мэдээлэл ирээгүй ч гэсэн хяналт, шалгалт явуулах боломжтой юу?

-Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр үүрэг, чиглэл авч, хяналт, шалгалтын ажил эхлүүлэх гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд болон эмийн сангуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Хяналт, шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа харилцан адилгүй байна. Тухайлбал, “Интермэд” болон “Эм Жи Жи” гэсэн эмнэлгүүд үйлчлүүлж байгаа иргэдэд амны хаалт үнэгүй тарааж байсан бол зарим өрхийн эмнэлгүүд 150 төгрөгийн маскийг 500 төгрөгөөр зарж байсан. Эмийн сангуудын хувьд маскийн хомсдол үүссэн байна.

-Сошиал орчинд маскийн үнэ нэмэгдвэл 70353511 дугаар руу залгаарай гэсэн мэдээлэл түгсэн. Энэ дугаар ШӨХТГ-ын дугаар уу?

-Сошиал орчинд маскийн үнэ нэмэгдвэл энэ дугаар руу залгаарай гэсэн мэдээллүүд маш их явж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа аймаг, орон нутгийн удирдлагууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа тодорхой, ойлгомжтой сурталчилж ажиллах шаардлагатай байна. Жишээлбэл, "Маскийн үнэ нэмэгдвэл 70353511 гэсэн дугаар руу залгаарай" гэсэн пост сошиал орчинд түгсэн. Энэхүү дугаар нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэд, олон нийтэд үйлчлэх утас байсан. ШӨХТГ-аас Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 1800-1284 дугаар ажиллуулдаг. Энэ дугаарт иргэд хандаж, гомдол, саналаа мэдээлж болно. 

-Маскийн үнээ нэмж борлуулж байгаа аж ахуй нэгжид ямар хариуцлага хүлээх вэ?

-Маск болон спиртийн үнэ нэмсэн аж ахуйн нэгжийг тогтооход хэцүү. Монопол болон давамгай байдалтай аж ахуй нэгж байгууллагын хувьд бол хариуцлага хүлээлгэх нь боломжтой.

Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд үндэслэн жилийн орлогоос хамааран тодорхой хувиар торгоно.

Харин өнөөдрийн нөхцөл байдлаар нийтийг хамарсан хомсдол буюу хэн үнэ нэмсэн нь тодорхойгүй үед хариуцлага хүлээлгэх боломжгүй байна. Мөн жижиг эмийн сангууд нэг нэгнийгээ дуурайж, бүгд үнээ нэмсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжгүй.

Зах зээл эрэлт нийлүүлэлтийн хуулиар явдаг учраас эрэлт их бол үнэ нэмэгдэнэ. Нийлүүлэлт их байвал үнэ буурна. Энэ хуулиар явахаас өөр аргагүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top