Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.01.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “2020 оны нэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод очсон монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Мельбурнд ирсэн шөнөдөө халуурч, тус хотын эмнэлэгт тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Ямар нэгэн халдварт өвчин тухайн бүртгэгдсэн орныхоо өвчлөлд ордог учраас Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Маскийг томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг. Хүн бүр маск зүүх шаардлагагүй. Ханиадтай, халуурч байгаа хүмүүс бусдад халдаахгүй үүднээс маск зүүх хэрэгтэй. Зарим үйлчилгээний байгууллагууд маскгүй хүнд үйлчлэхгүй гэсэн мэдээлэл сошиал орчинд түгсэн байна. Иргэдэд ийм шаардлага тавих хэрэггүй. Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу явах хэрэгтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )