БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 32 иргэн эх орондоо ирлээ. Өчигдөр орой 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн "МИАТ"-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр тэднийг Монголдоо авчирлаа. Тархац нь улам бүр нэмэгдэж дэлхийн улс орнуудын анхаарал, сэрэмжийг өдрөөс өдөрт нэмэгдүүлж буй коронавирусийн голомт болох Ухань хотоос иргэдээ татаж авч чадсан улсын нэг нь Монгол боллоо гэдгийг тодотгох нь зөв байх.
Ухань хотоос иргэдээ буцааж авчрах хүсэлтийг олон арван улс орон БНХАУ-ын талд тавьж буй. Манай улсын хүсэлтийг харин ч богино хугацаанд биелүүллээ гэж хэлэхэд болох болов уу. Өнгөрсөн өдрүүдэд, өнөөдөр ч сошиалд хөвөрч буй иргэдийн сэтгэгдлүүдийг харж байхад “Яах гэж өвчний голомтоос хүмүүс авчраад байгаа юм бэ. Авчирлаа гээд хаана тусгаарлах юм бэ” гэсэн агуулга бүхий зүйлийг бичсэн хүмүүс цөөнгүй байна.
Хэчнээн айхтар халдвартай өвчин байлаа гээд харьж эх орондоо ирэх ёстой, Монголоос өөр очих газаргүй монгол иргэдээ ингэж муухайгаар адалж болохгүй л дээ. Иргэдээ хөөж туухын оронд тэндээс иргэдээ авчрах “үүрэг” бүхий Монголын төр дараа дараагийн шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрхэн авч байгаа вэ гэдэгт анхаарах нь зөв байх.
Тэгвэл Ухань хотоос авчирсан иргэдийг 14 хоног ТУСГААРЛАЖ хянах юм байна. Шаардлагатай бүхий л үзлэг, оношлогоог хийж, хяналтад байлгах учраас бусад иргэдийн хувьд айж түгшээд байх шаардлагагүй юм.
Сануулахад, дэлхийн бусад орнууд ч коронавирусийн голомт болоод буй хөл хорио тогтоосон бүсээс авчирсан иргэдээ тусгаарлаж байгаа.
АНУ 195 иргэнээ Калифорни дахь нисэх хүчний баазад түр тусгаарласан.
Япон улс нутагтаа буцаан авчирсан 206 иргэнээ тусгаарласан.
Австрали улс гэхэд хөл хорио тогтоосон бүсээс авчирч буй 600 гаруй иргэнээ Крисмас арал дээр тусгаарлан, эрүүл мэндийн байдлыг нь хянана гэдгээ Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн билээ.
Тэгэхээр Монгол Улс төртэй гэдгээ харуулж, Засгийн газар дэлхийн бусад улс орнуудын Засгийн газруудтай адил хэмжээнд иргэддээ анхаарч, арга хэмжээ авч байна.
Ухань хотоос иргэдээ авчирсны дараа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс дараах мэдээллийг өгч байна.
“Монгол Улсын 31 иргэн шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын Ухань хотоос манай талд хүлээлгэн өгөхдөө мэдэгдсэн”
“Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний энэ өдөр эх орондоо шилжүүлэн авч ирлээ.
Тэднийг 10:18 цагт МИАТ ТӨХК- ийн Г.Баатарцогт ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай үүргийн нислэгийн баг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд амжилттай тээвэрлэн авчирсан юм. Эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир эдгээр иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тусгай бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулаад байна. Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлах юм. Тэд шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын Ухань хотоос манай талд хүлээлгэн өгөхдөө мэдэгдсэн болно.
БНХАУ-ын талаас Монгол Улсын иргэдээ эх оронд нь авч ирэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-ны Консулын газар Хятадын талын холбогдох байгууллагуудтай хамтран харилцан ойлголцож ийнхүү амжилттай зохион байгууллаа. Ухань хотоос ирсэн оюутнуудын ар гэрийнхэн дэлхий нийтэд түгшүүр төрүүлж буй шинэ коронавирусын дэгдэлтийн голомт бүс нутгаас иргэдээ эх орондоо татан авч ирж буйд Монгол Улсын засгийн газарт талархалаа илэрхийлж байв.
Ухань хотод нийт 33 Монгол иргэн байснаас 32 нь оюутан нэг нь бага насны хүүхэд байсан. Үүний 30 насанд хүрэгч, нэг хүүхэд нийт 31 иргэн эх орондоо ирж, хоёр оюутан өөрийн хүсэлтээр үлдээд байна. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53.000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм. Түүнчлэн эх орондоо ирсэн оюутнуудын эрүүл, аюулгүй байдал, эрх чөлөөг хүндэтгэн үзэж, нүүр царайг гаргах, овог нэрийг зарлахаас сэргийлж мөн онцгой нөхцлийн дэглэмийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг хязгаарлалтын бүсэд ажиллуулсан болно гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )