Уханиас ирсэн 31 иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Ухань хотод ажиллаж, амьдарч байсан 31 иргэнээ өнгөрсөн бямба гарагт эх оронд нь авч ирлээ. Тэднийг эх оронд нь ирсэн даруйд Халдварт, өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаж, коронавирусийн халдварын эхний шинжилгээг авчээ. Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Хэдийгээр БНХАУ-ын талаас эх орондоо ирсэн Монгол Улсын 31 иргэнийг шинэ коронавирусийн халдваргүй гэж мэдэгдсэн ч Халдварт, өвчин судлалын үндэсний төвд 14-21 хоногийн хугацаанд тусгаарлах юм. Түүнчлэн тэдэнтэй хамт нисэх бүрэлдэхүүний 15 хүнийг тусгаарлаад байна.

Одоогоор тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, сайн байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр "БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 иргэний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн зовуур илрээгүй" гэдгийг хэллээ. Түүнчлэн шинэ коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүний тоо нас барсан хүний тооноос анх удаа давлаа. Өөрөөр хэлбэл, өчигдөр 08.30 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 14411-т хүрч, 304 хүн нас барсан байна. Бүрэн эдгэрсэн 328 иргэн эмнэлгээс гарсан бөгөөд халдвар авсан байж болзошгүй хүний тоо 19544 болжээ. Харин БНХАУ-ын Ухань хотоос эх орондоо ирж, тусгаарлагдаад байгаа иргэн А.Золбоотой цахимаар холбогдсон юм. Тэрбээр "Тэнд бид гаднаас хүн оруулдаггүй оюутны хотхондоо, тус тусын оюутны байранд өөрсдийгөө тусгаарлаж байсан. Иймээс гадаах орчныг, нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Бид хүнсээ хэмнээд, хоорондоо холбоотой байсан. Мөн элчинтэйгээ холбогдоод, сайн байсан. Одоо шинжилгээгээ өгсөн хариугаа хүлээж байна. Бүгд биеийн байдал хэвийн сайн байгаа. ХӨСҮТ-ийн өрөө тасалгаа цэвэрхэн сайхан, эмч сувилагч нар нь сайхан харилцаатай. Бүх зүйл сайн байна" гэх тайлбарыг өгөв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top