Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд коронавирусийн халдвар гарснаас хойш Эрүүл мэндийн яам болон бүх эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд бүгд уялдаа холбоотой хамтарч ажиллаж байна. Тухайлбал, өнөөдөр өглөө Польш улсад амьдарч байгаа иргэд, эмч нар 400 мянган маск, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан хамгаалалтын хэрэгсэл 100 ширхгийг хандивлалаа. Монос группээс Ухань хотоос ирсэн иргэдэд витамин хандивласан. Улсын их хурлын гишүүн О.Батнасан 13 мянган маск Эрүүл мэндийн яаманд хандивласан” гэв.
"НАС БАРСАН ТОХИОЛДОЛ 45-ААР НЭМЭГДСЭН"
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа "Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан нэмэгдсээр байна. Яг одоогийн байдлаар 17 мянга 900 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч гэсэн нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна.
Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ. Үүнд, ОХУ-2, Испани-1, Швед-1, Англи-2 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна нас барсан тохиолдол Филиппин улсад бүртгэгдлээ. БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн.
БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлгийн ажилтнуудад 14 хоногийн турш Ухань хотод аялснаа хэлсэн. Энэ нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон.
Шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл вирусээс ч хурдан тархаж байгаа учраас ДЭМБ-ын Эрсдэлийн харилцаа холбооны багаас 24 цагийн турш худал мэдээллийг шүүж, мэдээллийн сувгаар хариулт өгч байна. Манай улс ЭМЯ-аар дамжуулж мэдээлэл хийж байна. Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй байгаа нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн юм" гэлээ.
"НЭГДҮГЭЭР САРЫН 9-НӨӨС ХОЙШ 71 ХҮНИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАСАН"
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “БНХАУ-ын Ухань хотоос өнгөрсөн бямба гаригт 31 иргэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарласан. Халдварын шинжилгээ авахад шинэ коронавирусийн халдваргүй буюу сөрөг гарсан. Гэхдээ 14-21 хоногийн турш ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа явуулж байна. Нисэх багийн 15иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулж байна. Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хамт амьдардаг хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэж гарсан. Нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй” гэв.
Түүнчлэн тэрбээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт, судалгаа, ариутгал, халдваргүйттэл, дотоод халдварын тасгаас гаргасан мэдээллийг хүргэлээ. “Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гаднын орнуудад утас ариутгагч гарсан, тэрийг хэрэглэж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
Эерэг гарсан ч зарлахгүйлдээ. Бөөн зардал шоу болж авчирсан. Хариуцлагагүй юм хийсэн болвол дуусаа биз хаха
ashgvidee,bvgd ervvl bdagni boljdee
Za ashgui dee setgel amarch bn
Za ashgui dee
за болж дээ,баярлалаа. Аптекуудад хэзээ МАСК ирэх вэ,аль аптекаас авах вэ,аптек шагайж яваад залхлаа