СУРВАЛЖИЛГА: Хөл хорио удаан үргэлжилбэл цусны нөөц хомсдох эрсдэл үүсжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

-Цусны нөөцийн 40-50 хувийг оюутнууд бүрдүүлдэг-

Монгол Улсад сургууль, цэцэрлэгээс эхтэй зарим байгууллагын үйл ажиллагааг ирэх сарын 2-ныг хүртэл хорьсонтой холбоотойгоор цус цуглуулах төвүүд хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй залгаа Сүхбаатар цус цуглуулах төвд 10:30 цагийн үед очиход үйлчлүүлэгч олон байлаа. Бүртгэлтэй доноруудыг идэвхжүүлж, мэдээлэл сурталчилгааг түгээж, шинэ доноруудыг хүлээн авдаг “Цусаа бэлэглэх өдөр” болж байгаа нь энэ аж.

Өглөө 08:30 цагаас эхлэн хүмүүс тасралтгүй үйлчлүүлжээ. Гэхдээ нийслэл дэх цус цуглуулах, сэлбэх үйлчилгээний төвүүдтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Цус сэлбэлт судлалын үндэсний төв буюу Баянзүрх цус цуглуулах төвийг зорихыг эмч нар зөвлөлөө. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд байрлах тус төвийн хаалгаар оронгуут “Та 30-хан секунд зарцуулаад гараа ариутгаарай” гэсэн бичигтэй гар ариутгагч анхаарал татлаа. Ажиглавал, 17 настай охин аав, ээж нь зөвшөөрсөн учраас цусаа бэлэглэхээр ирж байгаа гэнэ. Түүнийг цусны донор сурталчлагч гэх сайн дурын ажилтан угтан авлаа.

Тэрбээр “Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус байдаг. Нэг удаа 350-400 мл цус өгөх нь хүний биед ямар ч аюулгүй. Цусаа бэлэглэснээр биеийн цусны урсгал сайжирч, бодисын солилцоо идэвхждэг” гээд л сонирхолтой хэрнээ анхаарах ёстой зүйлсүүдийг тайлбарлаж, харилцан ярилцаж, зөвлөнө. Угтах үйлчилгээний хэсэгт үйлчлүүлэгч доноруудыг амрахад зориулж тохижуулсан болов уу гэмээр сандлуудтай, ус буцалгагч, цэвэршүүлэгч, цай, сахар тэргүүтэнг өрсөн үйлчилгээний хэсэг харагдана. Цусны төвүүдэд байх ёстой гол үйлчилгээ нь үйлчлүүлэгч доноруудын ая тухтай байдал юм. Тэд цусаа бэлэглэхээс өмнө иргэний үнэмлэхээрээ бүртгүүлж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг. Нийслэлийн хэмжээн дэх цус цуглуулах гурван төвд өдөр бүр 150-200 хүнээс цус цуглуулж байж өдөр тутам ханган нийлүүлэлт авдаг 27-38 эмнэлгийн хэрэгцээг хангаж чаддаг байна.

Өчигдрийн байдлаар цус цуглуулах төвүүдээс улсын болон хувийн эрүүл мэндийн 73 төвийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа боловч хөл хорио олон хоног үргэлжилбэл цус хомстох эрсдэлээ тооцож, эрсдэлээс сэргийлэх нь чухал ажээ. Нэг эмнэлгээс өдөрт дөрвөн удаа ирж бүтээгдэхүүн авах нь бий. Нэг хүнд хоёр эсвэл 40 нэгж бүтээгдэхүүн хэрэгцээтэй болох нь ч бий гэнэ. Жишээлбэл, нэг өвчтөнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд 100 орчим нэгж бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарч байжээ. Энэ нь 4-5 нэр төрлийн 100 донороос бэлдсэн бүтээгдэхүүн нэг өвчтөнд шаардагдана гэсэн үг аж. 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой.

Эдгээр асуудлаар ЦССҮТ-ийн Чанарын албаны дарга Т.Алимаагаас тодруулахад “Улаанбаатар хотын хэмжээнд цусаа өгөх боломжтой 126 мянган бүртгэлтэй цусны донор бий. Эдгээр донор нэг удаа цусаа бэлэглэсэн, донорын шинжилгээ, шалгуур үзүүлэлтээр бүрэн тэнцсэн хүмүүс гэсэн үг. Тэднийг суурин цус цуглуулах гурван төв дээрээ ирж цусаа бэлэглэхийг уриалж байна. Зарим байгууллагын үйл ажиллагааг л тодорхой хугацаанд хорьсон. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Коронавирустэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн зүйл байхгүй. Эх барих, эмэгтэйчүүд, гэмтлийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хагалгаа явагдсаар байгаа. Эдгээрт шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг өдөр бүр тогтмол цуглуулж, 30 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүрдүүлэх хэрэгтэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг олон хоног зогсоогоод, нэмээд байгууллагууд цус цуглуулах үйл ажиллагаанаас татгалзаад байвал цус цуглуулах хэвийн хэмжээ алдагдах эрсдэлтэй. Одоохондоо цусны нөөц хангалттай байгаа хэдий ч хөл хорио удаан үргэлжилбэл нөөц хомсдох эрсдэлтэй. Үүнээс сэрэмжилж тогтмол доноруудаа идэвхжүүлж байх нь бидний үүрэг. Тиймээс хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн байгууллагууд цусны донорын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаасай” гэлээ.

Хүний судсаар урсаж байгаа цус эмийн бодисуудаас ялгаатай. Эмийг урт хугацаанд хадгалаад хэрэглэж болох бол хүний цусыг хадгалах хугацаа янз бүр байдаг аж. Гурван өдрөөс эхлээд таван жил хүртэл хадгалдаг цус, цусан бүтээгдэхүүн бий.

ЭЛЭГНИЙ В, C ВИРУС, СҮРЬЕЭ, ДОХ, ТЭМБҮҮГЭЭР ӨВЧИЛСӨН БОЛ ЦУСАА БЭЛЭГЛЭХ БОЛОМЖГҮЙ

Цусан бүтээгдэхүүн бий болохдоо нарийн шат дамжлагаар явагддаг. Цусыг донороос дөнгөж авангуутаа шууд эмнэлэгт нийлүүлдэггүй. Эхлээд донороос цусаа цуглуулаад, олон төрлийн шинжилгээг гаргадаг. Шинжилгээ бүр хугацаатай. Хамгийн хурднаар 24-36 цагийн дотор эхний шинжилгээний хариунууд гардаг байна. Өчигдрийн байдлаар цус цуглуулах төвүүдээс улсын болон хувийн эрүүл мэндийн 73 төвийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа боловч хөл хорио олон хоног үргэлжилбэл цус хомстох эрсдэлээ тооцож, эрсдэлээс сэргийлэх нь чухал ажээ. Нэг эмнэлгээс өдөрт дөрвөн удаа ирж бүтээгдэхүүн авах нь бий. Нэг хүнд хоёр эсвэл 40 нэгж бүтээгдэхүүн хэрэгцээтэй болох нь ч бий гэнэ. Жишээлбэл, нэг өвчтөнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд 100 орчим нэгж бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарч байжээ. Энэ нь 4-5 нэр төрлийн 100 донороос бэлдсэн бүтээгдэхүүн нэг өвчтөнд шаардагдана гэсэн үг аж. 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа ямар ч бүлгийн цустай хүн цусны донор болох боломжтой. Энэ талаар ЦССҮТ-ийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа “Донор цусаа бэлэглэхэд түр хойшлуулах шалтгаан, бүрмөсөн хойшлуулах шалтгаан гэж бий. Элэгний В, C вирус, сүрьеэ, ДОХ, тэмбүүгээр нэг удаа өвчилж байсан бол цусаа бэлэглэх боломжгүй. Түр хойшлуулах шалтгаан гэдэгт эмчийн хяналтад байдаг суурь болон архаг өвчтэй хүмүүс, сүүлийн нэг жилийн хугацаанд том мэс ажилбарт ороогүй байх, жижиг мэс ажилбарт орсон бол зургаан сарын дараа, антибиотик эм тариа хэрэглэж байгаа бол 14 хоногийн дараа, шүдээ авахуулсан бол нэг сарын дараа гэх мэтчилэн шалгуурууд байдаг. Цус бэлэглэхээр ирэхээс өмнө өөх тостой хоол, өнгөтэй ундаа, жүүс, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй, согтууруулах ундааны зүйл гурав хоног хэрэглээгүй, хамгийн багадаа зургаан цагаас дээш унтаж амарсан байх ёстойг анхаарах хэрэгтэй. Цусаа өгсний дараа 15 минут сууж амрах, цус өгсөн ором дээр таван минут даралт өгөх, боосон гарын тохойн боолтыг хоёроос гурван цагийн дараа авах, тамхи хэрэглэдэг бол цусаа өгөөд хоёр цагийн дараагаас хэрэглэх, ууланд авирах гэх мэт спорт, фитнессээр хичээллэдэг бол нэг өдөр хойшлуулах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өглөө. Томуу, томуу төст өвчин нь нийт өвчлөлийн 10 орчим хувийг эзэлдэг. Тиймээс бусад шаардлагатай тохиолдлуудад цусны хэрэгцээ зайлшгүй. Одоогоор явуулын хэлбэрээр цус цуглуулахаар төлөвлөгдсөн их, дээд сургуулиудын хуваарь цуцлагдсан учраас тэдний нөхөх байсан цусны хэрэгцээг нөхөх шаардлага бий. Зарим оронд олон нийтийг хамарсан эрүүл мэндийн асуудал үүссэн тохиолдолд байгууллага, хамт олон иргэний үүргээ биелүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд гээд цус цуглуулах аянд нэгдэх нь түгээмэл байдаг. Үүний дагуу цусаа бэлэглэх үйлсэд иргэд, байгууллагуудыг хамрагдахыг уриалж байна. Нийслэлийн хэмжээнд Сүхбаатар, Баянгол, Баянзүрх цус цуглуулах төвүүд ажлын таван өдөрт өглөө 08:30 цагаас өдөр 14:00 цаг хүртэл тогтмол үйлчилгээ үзүүлсээр байгаа юм.


Д.БУМ-ЭРДЭНЭ: ЦУСАА БЭЛЭГЛЭХ БОЛГОНД ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРЧ БАЙНА ГЭСЭН САЙХАН БОДЛУУД ШИНЭЭР ТӨРДӨГ

Сурвалжилгынхаа төгсгөлд цусаа бэлэглэх үйлсэд 20 орчим жил сайн дураараа нэгдэж, 230 удаа цусаа бэлэглэсэн Алтан болон Топ донор 44 настай цахилгаанчин мэргэжилтэй, Улаанзагалмайн нийгэмлэгт арга зүйчээр ажилладаг Д.Бум-Эрдэнийн ярилцлагыг хүргэе.

-Та анх цусаа яаж бэлэглэж байсан бэ. Нийт 230 удаа бэлэглэсэн гэхээр жилд хэчнээн удаа цусаа хандивладаг болж таарч байна вэ?

-2001 онд хоёр ихэр охин маань мэндлээд тухайн үед эмнэлэгт цус хандивлах хүн олдоогүй учраас охидууд маань сэхээнд орсон. Бие нь муудаж, цус сэлбэх шаардлагатай болсон. Тиймээс намайг шинжилгээнд хамрагдаад ир гээд ЦССҮТ рүү явуулсан. Шинжилгээ өгөөд бүх зүйл таарч тохирсон учраас охидууддаа анх цусаа бэлэглээд тэр өдрөөс хойш хүмүүст тасралтгүй цусаа бэлэглэсээр байгаа. Тогтмол хугацаанд 230 удаа цусаа бэлэглэсэн. Яаж гэхээр эрэгтэй хүн хоёр сард нэг удаа бүхэл цус өгдөг. Үүний дагуу өгнө. Хажуугаар нь цусны сийвэнгээ 14 хоногийн хугацаатай дөрвөн удаа өгөөд сар амардаг. Энэ бүхнийг үйлдвэрлэлд оруулж олон төрлийн бүтээгдэхүүн болгож гаргадаг юм билээ.

-Ганцхан удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амийг авардаг гэдэг. Цусаа бэлэглэхэд төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач. Та ойролцоогоор хэдэн хүний амийг аварч хамгаалсан бол оо?

-Ойролцоогоор 700 орчим хүний амь аварсан байх гэсэн тооцоо байдаг юм билээ. Хүмүүс цус өгч байгаа байдал нь ерөнхийдөө хоёр янз. Нэгдүгээрт, сайн дураараа өгдөг. Хоёрдугаарт, учир шалтгаан гарсны улмаас цусаа хандивладаг. Миний хувьд хүнд цусаа бэлэглэнэ гэдэг нь маш сайхан зүйл. Хүний амийг аварна гээд бод л доо. Цусаа бэлэглэх болгонд энэ мэдрэмж төрсөөр байдаг. Хувиршгүй мэдрэмж. Цусаа бэлэглэж, миний цусыг хэрэглэх хэн нэгэнд сайн, сайхныг хүсэж явдаг даа. Яваандаа хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх хэрэгтэй гэсэн сэтгэлээр ханддаг болсон.

-Олон удаа цусаа бэлэглэхэд биед ямар нэг өөрчлөлт гарч байна уу. Жишээлбэл, ядардаг байх гэж бодох юм?

-Ядраад байх юмгүй. Харин ч бие эрүүлждэг. Надад өвдөх зовиур алга. Тогтмол хугацаанд цусаа өгөөд байхаар сүүлдээ хэвшмэл болдог юм байна. Цусаа өгөх тусам цус шингэрээд очих ёстой эд эрхтэндээ саадгүй хүрч, харин ч эсрэгээрээ бие эрүүл байдаг юм шиг.

-Алт, мөнгө, хүрэл донор, хүндэт донор, топ донорыг шалгаруулдаг болжээ. Донор хүмүүст улсаас ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

-Би 2016 онд анхны Алтан донор болж байжээ. Харин 2017 онд 200-гаас дээш цус өгөлттэй хүмүүст өгдөг Топ донор болж байсан. Одоогоор Монголд таван алтан донор байна. Тэд 155-165 цус өгөлттэй донорууд. Донор гэдэг бол хүний амь насыг аврахад орлогогүйгээр сайн дураараа цусаа бэлэглэдэг. Олон жил цусаа бэлэглэсэн учраас энэ утгыг өөртөө нэвт шингээсэн. ЦССҮТ, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтраад 35 өгөлт дээр “Хүндэт донор”-ыг өгдөг болсон. Хүндэт донор нь нийтийн тээврийн үйлчилгээнд үнэ төлбөргүй зорчдог, улсын амралт, сувилалд жилд нэг удаа үнэгүй амрах эрхтэй. 2019 оноос 100-гаас дээш өгөлттэй доноруудыг нийслэлийн Засаг дарга хүлээн авч урамшуулдаг болсон.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muibat(197.211.59.46) 2021 оны 06 сарын 11

Доктор Коллинз Рафаэлийн дүрээр миний гэр бүлд итгэж, яаралтай байдгаараа бахархаж, өвчтөнийхөө төлөө миний нэг бөөрийг маш их мөнгөөр доллараар худалдаж авсанд нь би гайхалтай эмчээр талархал илэрхийлье. Мишель, Лопез хоёрын нийтэлсэн, түүнд талархлаа илэрхийлж, бөөрөө стрессгүйгээр худалдаж авсны үр дүнд санхүүгийн хувьд хэрхэн аврагдсанаа дэлхий дахинд дуулгасан интернет дэх doctorcollins3@gmail.com гэсэн имэйл хаяг, би имэйлээр хурдан өргөдөл гаргаж, би Докторт долоо хоногоос бага хугацаанд шаардлагатай бүх анхаарлыг хандуулж, би бүх шаардлагыг хангаж, шилжүүлэн суулгахаас өмнө миний данса

0  |  0
zoch(182.160.1.223) 2020 оны 02 сарын 04

Tsusaa ugch bgaad todorhoi shalgaanii ulmaas uguhuu bolivol biend sursg nuluu baidag bolov u

0  |  0
Top